Цэнэгийн хувь буруу харагддаг шалтгаан
Олон хэрэглэгч утсаа хэрхэн зөв цэнэглэх талаар анхаардаг ч батарейг програмын түвшинд калибровк хийх шаардлагыг мартдаг. Орчин үеийн смартфонууд батарейн цэнэгийг шууд хэмжихээс гадна тусгай алгоритмаар тооцоолдог.
Эдгээр алгоритм нь төхөөрөмжийн температур, өмнөх хэрэглээний түүх, эрчим хүчний зарцуулалт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан цэнэгийн түвшинг харуулдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ тооцоолол алдаатай болж, хэрэглэгчид бодит байдлаас зөрсөн мэдээлэл харах тохиолдол гардаг гэж BGR мэдээлжээ.
Калибровк алдагдсаны нийтлэг шинжүүд
Батарейн калибровк алдагдсан үед смартфон цэнэгийн түвшинг буруу харуулах магадлалтай. Үүний улмаас хэрэглэгч утас нь хэдий хэмжээний цэнэгтэй байгааг бодитоор мэдэхэд хүндрэл үүснэ.
Ийм асуудал дараах байдлаар илэрч болно.
- Цэнэгийн хувь богино хугацаанд огцом буурах, жишээлбэл 20 хувиас хэдхэн минутын дотор 5 хувь болох.
- Систем цэнэг үлдсэн гэж харуулж байхад төхөөрөмж гэнэт унтрах.
- Цэнэгийн заалт 100 хувь дээр хэт удаан “гацах”.
Эдгээр шинж тэмдэг нь заавал батарей бүрэн муудсан гэсэн үг биш. Зарим тохиолдолд төхөөрөмжийн цэнэг тооцоолох систем бодит багтаамжийг буруу үнэлж байгаатай холбоотой байж болно.
Батарейг хэрхэн зөв калибровк хийх вэ
Калибровк хийх нь смартфоны эрчим хүчний удирдлагын системд батарейн бодит хязгаарыг илүү зөв ойлгоход тусалдаг. Үүний үр дүнд цэнэгийн хувь илүү зөв харагдаж, эрчим хүч хэмнэх функцууд тогтвортой ажиллах боломжтой.
Процесс нь энгийн боловч дарааллыг зөв баримтлах шаардлагатай.
- Смартфоноо өөрөө унтартал нь бүрэн цэнэггүй болгоно.
- Дараа нь төхөөрөмжөө тасалдалгүйгээр 100 хувь хүртэл цэнэглэнэ.
- 100 хувь болсон ч цэнэглэгчээс салгалгүй дахин нэг цаг орчим байлгана.
Энэ үйлдэл нь батарейн физик багтаамжийг нэмэгдүүлэхгүй ч системд цэнэгийн доод болон дээд хязгаарыг дахин зөв тооцоолоход тусалдаг.
Калибровк гүйцэтгэлд яагаад нөлөөлдөг вэ
Батарей хуучирсан бол калибровк хийснээр багтаамж нь шинээрээ болохгүй. Гэхдээ цэнэгийн талаарх мэдээлэл зөв болох нь төхөөрөмжийн нийт ажиллагаанд чухал нөлөөтэй.
Смартфоны процессорын хурд, эрчим хүч хэмнэх горим, дулааны удирдлага зэрэг олон систем батарейн цэнэгийн заалт дээр тулгуурлан ажилладаг. Хэрэв энэ мэдээлэл буруу байвал төхөөрөмж процессорыг шаардлагагүй үед удаашруулах, эсвэл хөргөлтийн системийн ажиллагааг буруу зохицуулах эрсдэлтэй.
Гурван сар тутамд нэг удаа хийхийг зөвлөж байна
Мэргэжилтнүүд смартфоны батарейг ойролцоогоор гурван сар тутамд нэг удаа бүрэн цэнэггүй болгож, дараа нь тасалдалгүй бүрэн цэнэглэхийг зөвлөж байна.
Ингэснээр төхөөрөмжийн цэнэгийн заалт илүү тогтвортой болж, хэрэглэгч батарейн бодит байдлыг илүү зөв харж чадна. Гэхдээ ийм бүрэн цэнэггүй болгох үйлдлийг хэт ойр ойрхон хийх хэрэггүй. Учир нь литий-ион батарейг байнга тэг хүртэл унагах нь урт хугацаанд ашиглалтын хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тиймээс калибровк нь өдөр бүр хийх зүйл биш, харин цэнэгийн заалт илт буруу болох үед эсвэл улиралд нэг удаа хэрэгжүүлэх тохиромжтой арчилгаа юм.