“Apple”-ийн хувьцаа түүхэн дээд түвшинд хүрлээ

нийтлэгч Содном Энхбаяр
“Apple”-ийн хувьцаа түүхэн дээд түвшинд хүрлээ

“iPhone 17”-ийн борлуулалт эрэлт давж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэв

ВАШИНГТОН — АНУ болон Хятадад “iPhone 17” гар утасны борлуулалт хүчтэй эхэлсний дараа “Apple” компанийн хувьцаа даваа гарагт 4 хувиар өсөж, 262.24 ам.долларт хүрч, компанийн түүхэн дээд үзүүлэлтийг тогтоолоо гэж CNBC мэдээлэв.

“Counterpoint” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, есдүгээр сард худалдаанд гарсан “iPhone 17” загварууд борлуулалтын эхний 10 хоногт АНУ болон Хятадад өмнөх үеийн “iPhone 16”-тай харьцуулахад 14 хувиар илүү борлогдсон байна.

Тайланд “Шинэ загвар илүү хүчирхэг чип, сайжруулсан дэлгэц, өндөр багтаамж, селфи камерын шинэчлэлт зэрэг онцлогтой бөгөөд үнийг өмнөх жилийн загвартай ижил түвшинд хадгалсан нь хэрэглэгчдэд үнэ цэнтэй санагдаж байна” гэж “Counterpoint”-ийн ахлах шинжээч Мэнмэн Жан бичжээ.

Хөрөнгө оруулагчид “Apple”-ийн өсөлтөд итгэлтэй байна

Хөрөнгө оруулалтын “Loop Capital” банк “Apple”-ийн хувьцааны таамаглалыг 226 ам.доллароос 315 ам.доллар болгон өсгөсөн бөгөөд “iPhone”-ийн эрэлт хүлээлтээс давна гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэх захирал Тим Күүк Хятадад айлчлах үеэрээ “iPhone Air” загварын нээлтэд оролцсон бөгөөд уг утас худалдаанд гарснаас хойш хэдхэн минутын дотор борлогдож дууссан тухай South China Morning Post мэдээлжээ.

“Evercore” зөвлөх фирмийн шинжээч Амит Дарьянани “iPhone Air”-ийн Хятадын зах зээл дэх эрэлт “Apple”-ийн хувьцаанд эерэгээр нөлөөлнө гэж онцолсон бөгөөд ирэх долоо хоногт гарах орлогын тайлан “өндөр тоон үзүүлэлттэй” байх төлөвтэй байна гэжээ.

Сүүлийн гурван сард 24 хувийн өсөлт

2025 онд “Apple”-ийн хувьцаа нийтдээ 5 орчим хувиар өсөөд байгаа ч “Nvidia”, “Meta”, “Microsoft”, “Alphabet” зэрэг “Magnificent 7” технологийн аваргуудаас хоцорч яваа. Гэсэн хэдий ч сүүлийн гурван сарын хугацаанд 24 хувийн өсөлт үзүүлсэн нь компанийн хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээж байна.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Ходжа 10 сар 21, 2025 - 5:28 pm

Apple-ийн амжилт үнэхээр тасралтгүй байна

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.