Apple iPhone 17-оор “тэсрэлт” хийж, ухаалаг гар утасны борлуулалтын түүхэн дээд амжилтыг эвдлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple iPhone 17-оор “тэсрэлт” хийж, ухаалаг гар утасны борлуулалтын түүхэн рекордыг эвдлээ

Apple корпорац 2025 оныг ухаалаг гар утасны бизнесийнхээ түүхэнд хамгийн амжилттай жил болгон өндөрлөж байна. Зах зээлийн судалгааны IDC компанийн шинэ таамаглалаар Купертино төвтэй технологийн аварга энэ онд нийт 247 сая ширхэг iPhone борлуулсан төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 6.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

iPhone 17 Apple-ийг шинэ оргилд хүргэв

Энэхүү өсөлтийн гол хөдөлгүүр нь iPhone 17 цувралын эрэлт байлаа. Ялангуяа Хятадын зах зээл дээрх борлуулалт маш өндөр байжээ. IDC-ийн мэдээллээр, 10–11 дүгээр сарын хугацаанд Apple Хятадын ухаалаг гар утасны зах зээлийн 20 гаруй хувийг эзэлж, өрсөлдөгчдөөсөө илт тасран тэргүүлжээ. Энэ амжилт нь шинжээчдийн анхны таамгийг бүрэн өөрчилсөн байна.

Анх Хятадын зах зээлийн жилийн нийлүүлэлт 1 орчим хувиар буурна гэсэн таамагтай байсан нь одоо 3 хувийн өсөлт хүлээж буй нь “гайхалтай эргэлт” болоод байна. Өмнө нь бууралт ажиглагдаж байсан АНУ болон Европын зах зээл дээр ч iPhone 17 гарснаар борлуулалт эргэн өсөлтөд орсон байна.

Орлого түүхэн дээд түвшинд хүрэв

Шинэ үеийн iPhone-ууд Apple-д зөвхөн борлуулалтын тоогоороо төдийгүй орлогын хэмжээгээрээ ч шинэ рекордыг тогтоолоо.

IDC-ийн тооцоогоор, iPhone шууд борлуулалтаас Apple 261 тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж үзэж байгаа нь өнгөрсөн оныхоос 7.2 хувиар өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн ухаалаг гар утасны нийт нийлүүлэлт 2025 оны эцэс гэхэд ердөө 1.5 хувиар өсөх төлөвтэй байгааг харгалзан үзвэл Apple зах зээлийн нийт өсөлтөөс үлэмж давсан амжилт үзүүлж, бараг ганцаараа зах зээлийг “чирч” буй тоглогч болж байна.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн тайлбарласнаар, 2025 оны дөрөвдүгээр улирал нь iPhone-оос олсон орлогын хувьд компанийн түүхэнд хамгийн ашигтай улирал болох төлөвтэй байна. Хэрэглэгчдийн сонирхол голчлон энгийн iPhone 17 болон Pro хувилбарууд дээр төвлөрч байгаа бол хямд сегментэд чиглэсэн Air загвар хүлээлтийг төдийлөн биелүүлээгүй нь ажиглагджээ.

Хуваарь өөрчлөгдөж, iPhone 18 хойшилно

Apple 2026 оноос загвар гаргах хуваариа өөрчлөх стратеги баримталж эхлэх төлөвтэй байна. Шинэ төлөвлөгөөний дагуу:

  • Дээд зэрэглэлийн флагман загварууд уламжлал ёсоор намрын улиралд худалдаанд гарч,
  • харин харьцангуй боломжийн үнэтэй iPhone 18 загвар 2027 оны хавар л зах зээлд гарах юм.

IDC-ийн үзэж байгаагаар, энэ шийдвэр нь дэлхийн хэмжээнд үүсээд буй санах ойн хомсдолын асуудалтай давхацвал iPhone-ийн нийлүүлэлт 2026 онд 4.2 хувиар буурах эрсдэлтэй.

Гэсэн ч Apple 2025 оныг түүхэн рекорд борлуулалт, орлогын оргил жил болгон хааж буй нь Купертино дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийг одоогоор бүрэн хянаж, тренд тодорхойлж буйг дахин нотолж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.