AI нүдний шилтэй шалгалтад орсон дөрвөн сурагч баригджээ: БНСУ хяналтаа чангатгана

0 views
AI нүдний шилтэй шалгалтад орсон дөрвөн сурагч баригджээ: БНСУ хяналтаа чангатгана

БНСУ-ын дунд болон ахлах сургуулиудад энэ онд хиймэл оюун ухаант нүдний шил ашиглан шалгалтын журам зөрчсөн дөрвөн тохиолдол илэрчээ. Тус улсын Боловсролын яам энэ талаар даваа гарагт мэдээлсэн байна.

5679 сургуулиас мэдээлэл цуглуулжээ

Аравдугаар сарын 27-ноос өнгөрсөн мягмар гараг хүртэл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5679 дунд болон ахлах сургуулийг хамруулан мэдээлэл авчээ. Үүний дүнд дунд сургуулийн нэг, ахлах сургуулийн гурван сурагч улирлын болон төгсөлтийн шалгалтад хиймэл оюун ухаант нүдний шил ашигласан нь тогтоогдсон байна.

Зөрчил бүртгэгдсэн дунд сургууль болон нэг ахлах сургууль нь Сөүлд байрладаг аж. Харин үлдсэн хоёр ахлах сургууль Өмнөд Жолла муж, Жэжү аралд байдаг байна.

Нүдний шилээ байнга оролдсон нь сэжиг төрүүлсэн байна

Дөрвөн сурагчийн гурав нь нүдний шилдээ дахин дахин хүрч, оролдож байсан нь шалгалт хянагчдын анхаарлыг татжээ. Харин нэг сурагч шалгалт эхэлсний дараа зүүж байсан шилээ хиймэл оюун ухаант нүдний шилээр сольж байгаад баригдсан байна.

Сүүлчийн тохиолдолд өөр сурагч мэдээлэл өгсөн тул хянагч тухайн хүүхдийг анхааралтай ажиглаж байсан гэж албаныхан тайлбарлажээ.

Холбогдох журмын дагуу зөрчил гаргасан дөрвөн сурагчийн тухайн шалгалтын оноог бүгдийг нь тэглэсэн байна.

Оноог нь тэглэхээс гадна сахилгын арга хэмжээ авчээ

Ахлах сургуулийн гурван сурагчид тусгай сургалтад гурван өдөр хамруулах, олон нийтийн ажилд дөрвөн цаг оролцуулах, тав хоног хичээлээс түдгэлзүүлэх зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.

Харин дунд сургуулийн сурагчид албан ёсны сахилгын шийтгэл өгөөгүй ч сургуулийнхаа хүрээнд сайн дурын ажил хийх үүрэг өгсөн байна.

Сургуулиудад урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлнэ

Боловсролын яам илэрсэн зөрчлүүдийг тайлбарласан сургалтын материалыг сурагчдад түгээхээр төлөвлөжээ. Мөн хиймэл оюун ухаант нүдний шилийг зориулалтын бусаар ашиглахаас сэргийлэх заавар, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлэх юм.

Үүнээс гадна бүс нутгийн боловсролын байгууллагууд болон БНСУ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний хүрээлэнтэй (KICE) хамтран урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээг хэлэлцэхээр болсон байна.

Тус яам өмнө нь их, дээд сургуульд элсэх жилийн нэгдсэн шалгалтад ийм төхөөрөмж ашиглан хуурсан нь тогтоогдсон хүнийг эрүүгийн хариуцлагад татахаа мэдэгдэж байв. Түүнчлэн шалгалт өгөх эрхийг хасах хугацааг одоогийн нэг жилээс гурван жил болгон нэмэгдүүлэхээр мэдэгдсэн юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.