Германд робот 16 настай охинд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн хэрэгт цагдаа нар шалгалт эхлүүлжээ

Германд робот 16 настай охинд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн хэрэгт цагдаа нар шалгалт эхлүүлжээ

Германы Кёльн хотын цагдаагийн байгууллага 1.2 метр өндөр робот 16 настай охинд зохисгүй хүрч, бэлгийн шинжтэй хөдөлгөөн хийсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ.

Урьдчилсан мэдээллээр роботыг 16 болон 19 настай хоёр залуу удирдаж байсан байж болзошгүй бөгөөд тэд үйл явдлыг бичлэг хийж, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан гэх мэдээлэл байна.

Мөрдөгчид роботын хөдөлгөөнүүдийг урьдчилан программчилсан байсан уу, эсвэл тухайн үед зайнаас зориудаар удирдсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Хэрэг аравдугаар сарын 11-ний бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Кёльн хотын төвд байрлах түргэн хоолны газрын ойролцоо гарсан байна.

Тухайн үед 16 настай охин 17, 18 настай найзуудынхаа хамт байсан бөгөөд 23:45-аас шөнө дунд хүртэлх хугацаанд робот араас нь ойртон өгзөг хэсэгт нь хүрсэн гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ.

Хоёр залуу бичлэг хийж, шууд дамжуулсан байж болзошгүй

Цагдаагийн урьдчилсан мэдээллээр роботын 16 настай эзэмшигч болон түүний 19 настай танил үйл явдлыг утсаараа бичиж, сошиал орчинд шууд дамжуулан тайлбар хийж байсан байж болзошгүй байна.

Цахим орчинд тархсан бичлэгүүдэд хоёр залуу роботыг шөнийн цагаар хүн ихтэй гудамжаар хэсэг охид руу дагуулан очиж буй дүрс харагддаг гэж мэдээлжээ.

Мөн роботын бэлгийн шинжтэй хөдөлгөөний дараа нэг залуу түүн рүү хашхирч, арагш татаж байгаа хэсэг бичлэгт үлдсэн байна.

Дуудлагын дагуу очсон цагдаа нар сэжигтнүүдийг дараа нь өөр гудамжинд илрүүлжээ. Тэр үед робот Volkswagen автомашины тээшний хэсэгт байсан бөгөөд 16 настай эзэмшигч нь тэнд хийсэн байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд робот болон хоёр гар утсыг хураан авч, техникийн шинжилгээнд шилжүүлсэн байна.

Кёльн хотын цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Christoph Bärmel-ийн мэдээлснээр залууст одоогоор албан ёсны ял тулгаагүй ч сэжигтний статустай байгаа аж.

Тэрээр:

“Бид өмнө нь ийм төрлийн үзэгдэлтэй тулгарч байгаагүй”

хэмээгээд, энэ хэргийг хууль сахиулах байгууллагын хувьд:

“шинэ талбар”

гэж тодорхойлжээ.

Мөрдөгчид роботын хөдөлгөөн санаатайгаар удирдагдсан эсэх, ямар программ ашигласан, үйл явдлыг бичлэг хийх болон шууд дамжуулах зорилго байсан эсэхийг шалгаж байна.

Цагдаа нар сошиал дахь шоглолтоос болгоомжлохыг анхааруулав

Кёльн хотын цагдаа нар хураан авсан роботын зургийг олон нийтэд нийтэлжээ. Зурагт робот улаан, алтлаг өнгийн биетэй, цагаан майк, хар өмд, алтан гинж, нарны шил зүүсэн бөгөөд хуурамч сахалтай төстэй зүйлтэй харагдсан байна.

Аравдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллага мөн энэ хэрэгтэй холбоотой зохисгүй хошигнол, сэтгэгдлийг шүүмжилсэн видео нийтэлжээ.

Тэд ийм бичлэгийг дахин тараах, хэргийг тоглоом шоглоом болгон авч үзэх нь хохирогч байж болзошгүй өсвөр насны охинд сэтгэлзүйн нэмэлт дарамт учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Одоогоор хэрэг бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл байсан эсэхээр шалгагдаж байгаа бөгөөд роботыг хэн, ямар аргаар удирдсан нь мөрдөн шалгалтын гол асуудал хэвээр байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.