Mercedes-Benz болон NVIDIA компаниуд автомат жолоодлогын технологийн чиглэл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Хоёр компани жолоочид туслах дэвшилтэт системээс эхлээд ирээдүйн дөрөвдүгээр түвшний автомат жолоодлоготой автомашин хүртэлх шийдлүүдийг хамтран хөгжүүлэхээр зорьж байна.
Шинэ хамтын ажиллагааны хүрээнд Mercedes-Benz-ийн автомашины инженерчлэл, аюулгүй байдлын туршлагыг NVIDIA-ийн хиймэл оюун ухаан болон өндөр хүчин чадалтай тооцооллын платформуудтай нэгтгэх аж.
Ингэснээр хотын замын хөдөлгөөнд автоматаар зорчих, аюулгүй байдлын идэвхтэй систем ажиллуулах, автомашиныг өөрөө зогсоолд байрлуулах зэрэг илүү дэвшилтэт боломжуудыг бодит хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
MB.OS болон NVIDIA-ийн платформуудыг нэгтгэнэ
Хоёр компани Mercedes-Benz-ийн MB.OS үйлдлийн системийг NVIDIA Hyperion тооцооллын платформ болон мэдрэгчийн системтэй уялдуулан ашиглах юм байна.
Мөн NVIDIA Alpamayo Stack программ хангамж нь хиймэл оюун ухаанд суурилсан жолоодлогын үндсэн боломжуудыг хангах аж. Тухайлбал автомашин хотын дотор нэг цэгээс нөгөөд жолоочийн оролцоогүйгээр хүрэх, замын нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх, өөрөө зогсоол хайж байрлах зэрэг функц хөгжүүлэхээр зорьж байна.
Үүнээс гадна автомашины аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор NVIDIA Halos технологийг ашиглахаар болжээ. Уг систем нь нэмэлт хамгаалалт болон нөөц механизмтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд автомат жолоодлогын үед үүсч болох эрсдэлийг бууруулахад чиглэх юм.
Хоёр компанийн урт хугацааны зорилго нь SAE стандартын дөрөвдүгээр түвшний автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэх явдал байна.
Дөрөвдүгээр түвшний автомат жолоодлого гэдэг нь тодорхой нөхцөл, газарзүйн бүсэд автомашин жолоодлогын бүх үйлдлийг хүний шууд оролцоогүйгээр гүйцэтгэх чадвартай байхыг хэлдэг.
Ийм систем цаашид жолоочгүй тансаг зэрэглэлийн автомашины үйлчилгээ, хот доторх автомат тээвэр зэрэг салбарт ашиглагдах боломжтой гэж үзэж байна.
Mercedes-Benz Group AG-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, хөгжүүлэлт болон худалдан авалт хариуцсан технологийн захирал Йорг Бюрцер:
“Автомат жолоодлогын салбарт NVIDIA бол манай хамгийн чухал стратегийн түнш”
хэмээн онцолжээ.
Түүний хэлснээр хоёр компанийн хамтын ажиллагаа олон жилийн түншлэлд тулгуурлаж байгаа бөгөөд Mercedes-Benz-ийн аюулгүй байдлын өндөр стандартыг хадгалсан хэвээр шинэ технологийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой аж.
Үйлдвэрлэлд ч NVIDIA-ийн технологийг ашиглана
Mercedes-Benz болон NVIDIA-ийн хамтын ажиллагаа зөвхөн автомат жолоодлогоор хязгаарлагдахгүй.
Хоёр компани автомашины инженерчлэлийн загварчлал болон Mercedes-Benz-ийн MO360 дижитал үйлдвэрлэлийн системд NVIDIA-ийн тооцооллын технологийг үргэлжлүүлэн ашиглахаар байна.
Ингэснээр үйлдвэрлэлийн сүлжээний үр ашиг, уян хатан байдал, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Цаашид Mercedes-Benz-ийн автомашинууд хиймэл оюун ухаанд илүү түшиглэсэн, өөрөө суралцдаг, замын нөхцөлд бие даан шийдвэр гаргадаг системтэй болох чиглэлд хөгжих төлөвтэй байна.
Харин дөрөвдүгээр түвшний автомат жолоодлого бодит зах зээлд өргөн нэвтрэх хугацаа нь техникийн бэлэн байдал, хууль эрх зүйн орчин болон тухайн улсын зохицуулалтаас ихээхэн шалтгаалах юм.