Kodiak компанийн алсын тээвэрт зориулсан жолоочгүй ачааны машин 2026 оны сүүлчээр АНУ-ын Техас мужийн зам дээр ажиллаж эхлэхээр болжээ. Энэ талаар FOX Business мэдээлснийг Kazinform агентлаг уламжилсан байна.
Kodiak-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дон Бернеттийн хэлснээр компани эхний ээлжид нэг жолоочгүй ачааны машиныг замд гаргаж, дараа нь үйлдвэрлэлээ үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Тэрбээр:
“Бид нэг машинаас эхэлнэ, эхний машиныг оны сүүлчээр үйлдвэрээс гаргана, дараа нь 2027 оны туршид болон цаашдаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эхний удаад жолоочгүйгээр 200 бээр гаруй замд туршина” гэжээ.
Хиймэл оюун ачааны машиныг удирдана
Kodiak жолоочгүй ачааны машины үндсэн удирдлагын систем болох хиймэл оюунд суурилсан программ хангамжийг өөрсдөө хөгжүүлж байгаа аж.
Төсөлд IKEA мөн түншээр оролцох бөгөөд 2026 оны сүүлчээр хамтын ажиллагаанд нэгдэхээр төлөвлөжээ.
Компанийн мэдээлснээр шинэ системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангалттай хэмжээнд туршсан тул бодит тээвэрлэлтийн ажиллагаанд ашиглахад бэлэн болсон байна.
Асуудал гарвал өөрөө зогсож тусламж дуудна
Жолоочгүй ачааны машиныг онцгой нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар тусгайлан сургасан байна.
Хэрэв машин гацах, систем тодорхой командыг танихгүй байх зэрэг асуудал гарвал замын хажууд аюулгүй зогсож, тусламж дуудах горимд шилжинэ.
Ийм тохиолдолд Kodiak-ийн ажилтнууд системд нэвтрэх эсвэл алсаас удирдах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.