Америкийн Anthropic компанид ажиллаж байсан Жейкоб Коксон Нью-Йорк хотын зөвлөлийн сонсголын үеэр хиймэл оюун ухааныг супер оюун ухааны түвшинд хүртэл хөгжүүлэх нь хүн төрөлхтөн мөхөх эрсдэл дагуулж болзошгүй гэж мэдэгджээ.
“Миний бодлоор, өнөөгийн хөгжлийн чиглэл эцэстээ AI-д тавих хяналтаа алдахад хүргэж, хүн төрөлхтөн мөхөхөөр төгсөж болзошгүй” гэж Коксон хэлэв.
Түүний үзэж байгаагаар, хөгжүүлэгчид бүтээгдэхүүнийг аль болох хурдан гаргаж, алдааг нь дараа нь засдаг компанийн соёлыг даган хэтэрхий болгоомжгүй хандаж байгаа бөгөөд ийм зарчим асар хүчирхэг технологид тохирохгүй аж. Коксон AI компаниуд хүнийг ямар ч төрлийн даалгаварт давж гарах чадвартай супер оюун ухаан бүтээхийг зорьж байгааг онцолжээ.
Anthropic-ийн ажилтан асан тэрээр хэрэв энэ зорилго амжилттай хэрэгжвэл AI эдийн засаг болон анагаах ухаанд томоохон өөрчлөлт авчирч чадна гэж тэмдэглэсэн байна. Гэвч одоогоор хөгжүүлэгчид өөрсдийн бүтээж буй системүүдийг хэрхэн бүрэн хянахаа мэдэхгүй, тэдгээрийн үйлдлийн шалтгаан, сэдлийг бүрэн ойлгодоггүй гэж Коксон мэдэгджээ. Түүний хэлснээр, хиймэл оюун ухаан аль хэдийн гаднын сүлжээнд нэвтрэх чадвар үзүүлж байна.