Anker шинэ Liberty 5 Pro болон Liberty 5 Pro Max TWS чихэвчүүдээ танилцууллаа. Энэ удаад гол анхаарал зөвхөн дууны чанарт бус, дэлгэцтэй цэнэглэгч кейс болон хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт боломжуудад төвлөрч байна.
Liberty 5 Pro загварын кейс compact TFT дэлгэцтэй бол илүү дээд хувилбар болох Liberty 5 Pro Max нь 1.78 инчийн AMOLED дэлгэцтэй болжээ. Ингэснээр цэнэглэгч кейс нь зөвхөн батарей цэнэглэх хэрэгсэл бус, чихэвчний тохиргоог удирдах жижиг интерфэйс болж байна.
Кейсний дэлгэцээр дамжуулан хэрэглэгч equalizer өөрчлөх, дуу чимээ дарах горимуудыг солих, аудио эх үүсвэр сонгох, чихэвчний үндсэн функцуудыг удирдах боломжтой. Ингэснээр ухаалаг гар утсаа гаргахгүйгээр чихэвчээ шууд тохируулах боломж бүрдэж байгаа юм.
Liberty 5 Pro Max AI диктофонтой болжээ
Liberty 5 Pro Max-ийн хамгийн сонирхолтой шинэ боломж нь бие даан ажиллах AI диктофон юм. Энэхүү систем яриаг таних, текст болгон хөрвүүлэх, өөр өөр хүний дуу хоолойг ялгах, бодит цагийн орчуулга хийх боломжтой.
Онцлох нь уг AI функц интернет эсвэл смартфонтой холбогдоогүй үед ч ажиллах боломжтой гэж Anker мэдэгдсэн байна. Ингэснээр Liberty 5 Pro Max-ийн кейс нь уламжлалт чихэвчний цэнэглэгчээс давж, тусдаа AI төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Төхөөрөмж дотор Thus AI нэртэй фирмийн чип, найман микрофон, ясны дамжуулалтын хоёр мэдрэгч байрласан байна. Мөн маш дуу чимээтэй орчинд ажиллах сайжруулсан noise cancellation системтэй аж.
Liberty 5 Pro Max нь Bluetooth 6.1, LDAC болон Dolby Atmos дэмждэг. Кейсний хамт нийт ажиллах хугацаа 28 цаг хүртэл үргэлжилнэ.
Шинэ загварын үнэ 229 ам.доллароор тогтоогдсон бөгөөд энэ нь Liberty 5 Pro Max-ийг өөрийн ангилалдаа хамгийн технологи ихтэй TWS чихэвчүүдийн нэг болгож байна.
