Сошиалгүй, интернэтгүй утас: KDDI Японд хуучны хэрэглээг эргүүлэн авчирна

0 views
Сошиалгүй, интернэтгүй утас: KDDI Японд хуучны хэрэглээг эргүүлэн авчирна

Японы харилцаа холбооны KDDI компани цахим орчноос түр завсарлахыг хүсдэг хүмүүст зориулсан энгийн гар утас танилцуулжээ. Дуудлага хийх, мессеж илгээх үндсэн зориулалттай уг төхөөрөмжийг ирэх сараас худалдаалахаар төлөвлөснөө арваннэгдүгээр сарын 18-нд мэдэгдсэн байна.

Апп суулгахгүй, интернэтэд холбогдохгүй

Шинэ төхөөрөмж нь 2000-аад онд түгээмэл байсан товчлууртай утасны хийцтэй аж. Хэрэглэгч нэмэлт аппликейшн суулгах, интернэт ашиглах боломжгүй байна.

Камерынх нь зургийн чанарыг ч зориуд бууруулж, хуучны гэрэл зурагтай төстэй дүрслэл гаргахаар тохируулжээ.

KDDI уг загварыг утасны тасралтгүй мэдэгдэл, сошиал сүлжээнд зарцуулах олон цагаас залхсан хүмүүст зориулсан гэж тайлбарласан байна. Мөн чимэг загварын төхөөрөмж, энгийн хэрэглээг сонирхдог залуусыг татахыг зорьжээ.

Дэлгэцээс түр холдох боломж санал болгож байна

Компанийн брэнд хариуцсан менежер Сунахара Сатоши шинэ утас нь хүмүүсийг дэлгэц ширтэж, интернэтээр аялах дадлаасаа хэсэг хугацаанд завсарлахад тусална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ, Швейцарын зарим үйлдвэрлэгч ийм төрлийн төхөөрөмжийг аль хэдийн худалдаалдаг. Зарим хэрэглэгч үүнийг үндсэн ухаалаг утасныхаа хажуугаар хоёр дахь утас болгон ашигладаг аж.

Харин Японы зах зээлд шинэ загвар хэр хэмжээний эрэлттэй байх нь одоогоор тодорхойгүй байна.

Олон үйлчилгээг нэгтгэсэн утас цахим ядаргааг нэмэгдүүлжээ

SOMPO Institute Plus судалгааны хүрээлэнгийн судлаач Коикэ Масато гар утасны үүрэг анхны зориулалтаасаа ихээхэн өргөжсөнийг онцолжээ.

Өмнө нь хүмүүсийг хооронд нь холбох хэрэгсэл байсан утас өнөөдөр мөнгө шилжүүлэх, газрын зураг харах, төрийн үйлчилгээ авах зэрэг өдөр тутмын олон ажлыг гүйцэтгэдэг болсон байна. Үүнээс шалтгаалан хүмүүс ажил, амралтын аль ч үед цахим орчноос бүрэн тасрахад хүндрэлтэй болжээ.

Технологи хэрэглээг хялбарчилж байгаа ч байнга дэлгэц ширтэх нь залхах, ядрах мэдрэмж төрүүлж байгааг судлаач тайлбарласан байна. Тиймээс утас, интернэтээс түр холдож, хувийн цагаа тайван өнгөрүүлэх хүсэл нэмэгдэж байгаа аж.

Цаашид цахим хэрэглээ улам өсөхийн хэрээр зарим хүн илүү энгийн, уламжлалт төхөөрөмж рүү эргэн хандах боломжтой гэж тэр үзжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.