HONOR Robot Phone: “роботжуулсан” смартфоны анхны зураг гарчээ

нийтлэгч Содном Энхбаяр
HONOR Robot Phone: “роботжуулсан” смартфоны анхны зураг гарчээ

Qualcomm-ийн түншүүдэд зориулсан ойн арга хэмжээний үеэр HONOR Robot Phone нэртэй ер бусын прототипийг анх танилцуулжээ. Уг төхөөрөмжийг дэлхийн анхны “роботжуулсан смартфон” гэж нэрлэж байгаа бөгөөд гар утасны зураг авалт, хиймэл оюун ухааны хэрэглээнд цоо шинэ хандлага санал болгож байна.

HONOR энэ удаа их биедээ далд байрласан механик камерын системтэй төхөөрөмж үзүүлсэн байна. Энгийн үед камерын модуль корпус дотор нуугдсан байх бөгөөд зураг, видео авах үед автоматаар гарч ирж, смартфоныг жижиг роботжуулсан зураг авалтын платформ болгон хувиргадаг аж.

Камер өөрөө хөдөлж, объект дагана

HONOR Robot Phone-ийн гол онцлог нь механик “гимбал” хэлбэрийн манипулятор юм. Энэ системийн ачаар камер хөдөлж, эргэж, объектуудыг автоматаар дагах боломжтой.

Хөгжүүлэгчдийн мэдээлснээр камер 360 градусын дагалт, автомат кадрлалт, хэрэглэгч хөдөлж эсвэл гүйж байсан ч тогтвортой зураг авалт хийх чадвартай байна.

Энэ бүхэнд хиймэл оюун ухаан чухал үүрэгтэй. Төхөөрөмж дотоод YOYO AI загвар дээр ажиллаж, зөвхөн камерыг удирдахаас гадна зураг авалтын орчныг шинжилж, тохиромжтой өнцөг санал болгох боломжтой. Мөн хэрэглэгчтэй дижитал туслахын хэлбэрээр харилцаж, контент санал болгох, HONOR-ийн экосистемийн бусад төхөөрөмжийг удирдах чадвартай аж.

Компанийн мэдээлснээр тогтворжуулалтын систем нь CIPA 5.5 түвшинд хүрсэн бөгөөд энэ нь смартфоныг мэргэжлийн камерын стабилизатор бүхий шийдлүүдтэй ойртуулах үзүүлэлт юм.

HONOR Robot Phone нь флагман Snapdragon чип дээр ажиллах бөгөөд тооцооллын ихэнх үйлдлийг төхөөрөмж дээрээ шууд боловсруулна. Ингэснээр камерын автономит хөдөлгөөн, AI алгоритмуудыг саатал багатай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Албан ёсны релиз энэ оны гуравдугаар улиралд болох төлөвтэй байна. Хэрэв энэхүү концепц цуврал үйлдвэрлэлд шилжвэл гар утасны зураг авалтын тухай ойлголтыг мэдэгдэхүйц өөрчилж, ялангуяа видео контент бүтээдэг хэрэглэгчид болон стабилизатор ашигладаг хүмүүст шинэ сонголт болох магадлалтай.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.