Apple iOS 27 болон iPadOS 27-д Siri-г илүү ухаалаг чат-бот болгон шинэчлэхээс гадна Apple Intelligence-ийн шинэ боломжуудыг системийн олон хэсэгт нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Үүний нэг нь текст бичих, засахад туслах шинэ AI редактор байх төлөвтэй.
Шинэчлэгдсэн бичгийн хэрэгслүүд одоогийн хувилбараас илүү өргөн боломжтой болно. Apple текстийг дахин найруулах, шинэ текст үүсгэх, бичсэн зүйлийг сайжруулах функцуудыг туршиж байгаа аж. Гарны дээд хэсэгт Write With Siri гэсэн шинэ товч гарч ирэх бөгөөд нээлттэй текст талбарт Siri-г идэвхжүүлэх үед Help Me Write сонголт харагдах боломжтой байна.
Grammarly-тэй төстэй засварын систем
Apple тексттэй ажилладаг аппуудад зориулж хиймэл оюун ухаанд суурилсан дүрмийн шалгалтын тусгай систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь ажиллагааны хувьд Grammarly-тэй төстэй байх аж.
Messages, Mail болон бусад текст оруулах аппуудад бичиж байх үед iPhone-ийн дэлгэцийн доороос хагас тунгалаг цэс гарч ирж, эх текстийн хажууд санал болгож буй засваруудыг харуулах юм байна.
Хэрэглэгч засвар бүрийг нэг нэгээр нь хүлээн авах эсвэл татгалзах боломжтой. Мөн бүх өөрчлөлтийг нэг дор зөвшөөрөх, эсвэл бүгдийг нь үл тоох сонголттой байх аж.
Writing Tools илүү ухаалаг болно
Apple одоогоор үг үсгийн алдаа шалгах функцтэй ч iOS 27-д нэмэгдэх шинэ систем нь зөвхөн алдаатай үгийг засахаас гадна өгүүлбэрийн бүтэц, дүрэм, найруулгын түвшинд зөвлөмж өгөх юм.
Мөн хэрэглэгч дүрмийн шалгалтыг түр зогсоох, текстийн өөр өөр хэсгүүдийн хооронд шилжин засварын саналуудыг хянах боломжтой болно.
Шинэ Writing Tools-ийг Apple зургаадугаар сарын 8-нд болох WWDC танилцуулгын үеэр үзүүлэх төлөвтэй байна. Үүнээс гадна Apple Photos, Camera болон бусад аппуудад хиймэл оюун ухаанд суурилсан шинэчлэлт хийхээр ажиллаж байгаа гэж мэдээлж байна.