Google хиймэл оюун ухааны Gemini 3.5 шинэ загварын цувралаа танилцуулж, эхний ээлжинд Gemini 3.5 Flash хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Компанийн мэдээлснээр уг загвар нь программчлалын даалгавар болон агентын төрлийн нарийн үйлдлүүдийг том флагман AI загваруудын түвшинд гүйцэтгэх чадвартай аж.
Gemini 3.5 Flash нь өмнөх хувилбаруудаас хурд, бүтээмжийн хувьд мэдэгдэхүйц сайжирсан гэж Google онцолж байна. Шинэ загвар Gemini апп болон Google Search-ийн “AI mode”-оор дамжин бүх хэрэглэгчдэд хүрч эхэлжээ.
Мөн хөгжүүлэгчид Gemini 3.5 Flash-ийг Google Antigravity платформ, Google AI Studio болон Android Studio дахь API-аар ашиглах боломжтой. Харин байгууллагын хэрэглэгчдэд Gemini Enterprise Agent Platform болон Gemini Enterprise үйлчилгээгээр дамжин нээлттэй байна.
Gemini 3.5 Flash илүү хурдан ажиллана
Google-ийн мэдээлснээр Gemini 3.5 Flash нь зарим үзүүлэлтээр өмнөх Gemini 3.1 Pro хувилбараас давсан байна. Ялангуяа төвөгтэй программчлал, агентын даалгавар, логик дүгнэлт шаардсан сорилтуудад илүү сайн үр дүн үзүүлжээ.
Тухайлбал, Terminal-Bench 2.1 тестэд 76.2 хувь, MCP Atlas-д 83.6 хувь, CharXiv Reasoning-д 84.2 хувийн үзүүлэлттэй гарсан байна. Мөн Google-ийн тайлбарласнаар шинэ загвар олон өрсөлдөгч шийдлээс дөрөв дахин хурдан токен үүсгэдэг аж.
Gemini 3.5 Flash-ийг Google-ийн түнш байгууллагууд, тэр дундаа банк, финтек компаниуд нарийн төвөгтэй ажлын урсгалыг автоматжуулахад аль хэдийн ашиглаж эхэлжээ. Одоо уг загвар Gemini апп болон Google Search-ийн “AI mode”-ийн үндсэн загвар болж, дэлхий даяар ашиглагдаж байна.
Одоогоор туршилтын шатанд буй хувийн AI агент Gemini Spark мөн Gemini 3.5 Flash дээр суурилан ажилладаг байна.
Аюулгүй байдлыг сайжруулсан гэж Google мэдэгдэв
Google Gemini 3.5 Flash-ийг орчин үеийн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн боловсруулсан гэж мэдэгдлээ. Тухайлбал, кибер аюул занал, химийн, биологийн, радиологийн болон цөмийн материалтай холбоотой эрсдэлээс хамгаалах механизмыг сайжруулсан байна.
Ингэснээр хортой контент үүсгэх магадлалыг бууруулахын зэрэгцээ аюулгүй хүсэлтэд үндэслэлгүй татгалзах тохиолдлыг багасгахыг зорьжээ.
Gemini 3.5 Flash-ийн нээлт нь Google-ийн AI экосистемийг хэрэглэгч, хөгжүүлэгч, байгууллагын түвшинд улам гүнзгий нэгтгэх дараагийн алхам болж байна.