Google-ийн Gemini Spark AI агент юу хийж чаддаг вэ

нийтлэгч Содном Энхбаяр
Google-ийн Gemini Spark AI агент юу хийж чаддаг вэ

Google I/O 2026 арга хэмжээний үеэр Google шинэ Gemini Spark хиймэл оюун ухааны агентаа танилцууллаа. Компани уг системийг энгийн чат-бот бус, хэрэглэгчийн өмнөөс даалгавар гүйцэтгэж чаддаг дижитал туслах гэж тодорхойлж байна.

Gemini Spark нь Gemini 3.5 загвар дээр суурилсан бөгөөд Google Workspace-ийн Gmail, Docs, Slides зэрэг үйлчилгээтэй нягт холбогдон ажиллана. Гол онцлог нь хэрэглэгчийн өгсөн даалгаврыг зөвхөн хариултаар дуусгахгүй, харин ард нь бие даан боловсруулж, шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх чадвартайд оршино.

1. Gmail доторх мэдээллийг хянаж, нэгтгэнэ

Gemini Spark хэрэглэгчийн Gmail дэх тодорхой захидлуудыг хянаж, хэрэгтэй мэдээллийг ялган авч чадна. Жишээлбэл, уулзалтын огноо, төлбөрийн мэдэгдэл, хүргэлтийн мэдээлэл, ажлын чухал сануулга зэргийг цуглуулж, богино тайлан болгон бэлтгэнэ.

2. Өдөр тутмын товч мэдээлэл гаргана

AI агент имэйл, чат, уулзалтын тэмдэглэлээс чухал мэдээллийг нэгтгэж, өдөр бүрийн богино summary үүсгэх боломжтой. Ингэснээр хэрэглэгч олон захидал, баримт бичиг нээж цаг алдахгүйгээр тухайн өдрийн гол ажлуудаа харах боломжтой болно.

3. Банкны хуулгаас шинэ төлбөр илрүүлнэ

Gemini Spark банкны хуулга, санхүүгийн мэдээллийг шалгаж, шинэ subscription, нэмэлт төлбөр, давтагдсан суутгал зэрэгт анхааруулга өгөх боломжтой. Энэ нь хэрэглэгчийн санхүүгийн хяналтыг автоматжуулахад чиглэж байна.

4. Docs болон Slides дээр материал бэлтгэнэ

AI агент Gmail, уулзалтын тэмдэглэл, чатнаас мэдээлэл цуглуулж, автоматаар Google Docs баримт, Slides танилцуулга эсвэл ажлын draft үүсгэж чадна. Ингэснээр тайлан, танилцуулга, ажлын баримт бичиг бэлтгэх процесс илүү хурдан болно.

5. Утас түгжигдсэн ч даалгавар үргэлжилнэ

Google-ийн мэдээлснээр Gemini Spark хэрэглэгчийн утас түгжигдсэн эсвэл зөөврийн компьютер хаагдсан байсан ч даалгавраа үргэлжлүүлэн боловсруулна. Учир нь бүх үйлдэл cloud орчинд хийгдэх юм.

6. Гуравдагч үйлчилгээтэй холбогдоно

Gemini Spark цаашид Canva, OpenTable, Instacart зэрэг платформуудтай холбогдон ажиллах боломжтой болно. Энэ нь зурагт материал бэлтгэх, ресторан захиалах, хүнсний захиалга хийх зэрэг нэмэлт үйлдлийг AI агентаар гүйцэтгүүлэх боломж нээж байна.

7. Ирээдүйд өөрөө мессеж, имэйл илгээдэг болно

Google-ийн төлөвлөгөөгөөр Gemini Spark ойрын хугацаанд хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр мессеж, имэйл илгээх, браузераар дамжуулан үйлдэл хийх, мөн өөр өөр зорилготой тусдаа AI агентууд ажиллуулах чадвартай болно.

Одоогоор Gemini Spark-ийг АНУ-д хязгаарлагдмал хэрэглэгчдийн хүрээнд туршиж байна. Хэрэв туршилт амжилттай бол Google-ийн AI агент өдөр тутмын ажил, имэйл, баримт бичиг, санхүүгийн хяналт, автомат даалгаврын шинэ төв болж магадгүй юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.