АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Philadelphia хотод томоохон цаг хугацааны капсул байрлуулжээ. Энэхүү капсулыг зөвхөн 2276 онд буюу 250 жилийн дараа нээхээр төлөвлөсөн байна.
Түүний хамгийн сонирхол татсан үзмэрүүдийн нэг нь Cosmic Orange өнгөтэй iPhone 17 Pro Max болжээ. Уг төхөөрөмжийг XXI зууны эхэн үеийн технологийн бэлгэдэл болгон сонгосон байна.
Ирээдүйн хүмүүст зориулсан дижитал захидлууд хадгалжээ
America250 төслийн зохион байгуулагчид iPhone дотор ирээдүйн үеийнхэнд зориулсан дижитал зурвасуудыг хадгалсан байна.
Тодруулбал, “Notes” аппликейшнд 2026 оны хүмүүсийн амьдрал, өдөр тутмын хэв маяг, бодол санаа, тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг 2276 оны хүмүүст ойлгуулах зорилготой бичвэрүүдийг үлдээжээ.
Ингэснээр ухаалаг гар утас зөвхөн үзмэр төдий бус, тухайн үеийн хүмүүсийн дуу хоолойг агуулсан цахим гэрч болж байна.
Капсулд 200 гаруй түүхэн эд зүйл багтсан
iPhone 17 Pro Max-оос гадна цаг хугацааны капсулд АНУ-ын 50 мужаас цуглуулсан 200 гаруй эд зүйлсийг хийжээ.
Тэдгээрийн дунд сонгодог Coca-Cola-ийн шил, олимпын алтан медаль, Wright ах дүүсийн онгоцны даавууны хэсэг, 2026 оны NFL-ийн плей-оффын зоос, Америкийн оюутнуудын бичсэн эсээнүүд багтсан байна.
Эдгээр зүйлс нь 2026 оны Америкийн соёл, спорт, технологи, боловсрол, өдөр тутмын хэрэглээг олон өнцгөөс харуулах зорилготой аж.
250 жилийн дараа iPhone асах уу?
Гэвч мэргэжилтнүүд 250 жилийн дараа iPhone 17 Pro Max-ийг асааж чадна гэдэгт эргэлзэж байна.
Хамгийн магадлалтай асуудал нь литий-ион батарей юм. Ийм төрлийн батарей олон зуун жилийн турш хэвийн хадгалагдах боломжгүй тул 2276 онд төхөөрөмжийн зай бүрэн ажиллагаагүй болсон байх өндөр магадлалтай.
Ирээдүйн судлаачид доторх мэдээллийг уншихын тулд төхөөрөмжид аюулгүй байдлаар цахилгаан тэжээл өгөх арга хайх шаардлагатай болж магадгүй.
Редакцийн байр суурь: Дижитал өв үнэхээр удаан хадгалагдах уу?
iPhone-ийг өнөөгийн эриний гол бэлгэдлүүдийн нэгээр сонгосон нь ойлгомжтой. Өнөөдөр ухаалаг гар утас зөвхөн харилцааны хэрэгсэл биш, харин хүний хувийн дурсамж, мэдлэг, зураг, бичвэр, соёлын дижитал сан болж хувирсан.
Гэхдээ энэ түүх дижитал өв ямар эмзэг болохыг ч сануулж байна.
Цаасан баримт бичиг, металл эд зүйлс олон зуун жил хадгалагдах боломжтой бол орчин үеийн төхөөрөмжүүд батарей, өгөгдлийн формат, программ хангамж, холбогдох технологиос шууд хамаардаг. Харин эдгээр нь маш хурдан хуучирдаг.
Тиймээс ирээдүйн үеийнхний хувьд хамгийн том сорилт нь зөвхөн цаг хугацааны капсулыг олох бус, түүнд хадгалсан дижитал мэдээллийг “уншиж” чадах эсэх байх болно.