Meta компани Apple Silicon-д зориулан оновчилсон асар том нээлттэй жинтэй хиймэл оюуны загвар болох Muse Spark Open-ийг танилцуулжээ. 800 тэрбум параметртэй энэ системийг Mac дээр дотоод орчинд ажиллуулах боломжтой ч нэг том шаардлага бий — нийтдээ 1 ТБ нэгдсэн санах ой хэрэгтэй.
Meta шинэ загвараа “одоогоор АНУ-д бүтээгдсэн хамгийн чадварлаг open-weight model” хэмээн тодорхойлж байна. Компани нээлттэй хиймэл оюуны салбарт Хятадын лабораториуд давамгайлах ёсгүй гэсэн байр сууриа өмнө нь илэрхийлж байсан бөгөөд Muse Spark Open нь энэ өрсөлдөөний хүрээнд гарч ирсэн томоохон бүтээгдэхүүн болж байна.
Meta-ийн нийтэлсэн дотоод benchmark үр дүнгээр Muse Spark Open нь agentic буюу олон алхамт бие даасан даалгавар болон дүрсний логик сэтгэлгээний тестүүд дээр Хятадын GLM 5.3, Kimi K3 загваруудаас өндөр үзүүлэлттэй гарсан гэжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг Meta өөрөө танилцуулсан тул бодит хэрэглээнд ямар байх нь цаашдын бие даасан туршилтуудаар тодорхой болно.
Хоёр Mac Studio нийлээд нэг “суперкомпьютер” шиг ажиллана
Muse Spark Open-ийн хамгийн сонирхолтой тал нь Apple-ийн M5 Ultra процессортой Mac Studio-д зориулан оновчилсон явдал юм.
Apple-ийн unified memory architecture буюу нэгдсэн санах ойн архитектурын ачаар M5 Ultra-ийн GPU нэг төхөөрөмж дээр 512 ГБ хүртэлх санах ойг шууд ашиглах боломжтой. Тиймээс хоёр Mac Studio-г холбож ашиглавал нийт 1 ТБ санах ой бүрдэж, 800 тэрбум параметртэй загварыг бүхэлд нь дотоод орчинд ачаалах боломжтой болно.
Meta энэ талаар:
“Apple-ийн нэгдсэн санах ойн архитектур нь M5 Ultra-ийн нэгдсэн GPU-д нэг Mac Studio дээр 512 ГБ хүртэлх санах ой ашиглах боломж олгодог. Тиймээс хоёр төхөөрөмж нийлээд бүтэн загварыг ачаалж чадна. Үр дүнд нь хоёр Mac Studio нэг терабайтын нэгдсэн санах ойтой нэг суперкомпьютер шиг ажиллана”
хэмээн тайлбарлажээ.
Muse Spark Open нь Apple Silicon дээр локал орчинд ажиллахад зориулагдсан анхны ийм хэмжээний загваруудын нэг болж байгаа юм.
Mark Zuckerberg мөн Apple-тай хамтран хийсэн оновчлолын үр дүнд шинэ Mac Studio дээр загвар сайн ажиллаж байгааг онцолсон байна.
Гэхдээ ийм систем энгийн хэрэглэгчдэд бараг хүрэхгүй үнэтэй
Apple одоогоор 512 ГБ санах ойтой Mac Studio-ийн үнийг болон борлуулалт эхлэх яг өдрийг зарлаагүй бөгөөд зөвхөн аравдугаар сарын сүүлээр худалдаанд гаргана гэж мэдээлээд байна.
Харин Muse Spark Open-ийг дөрвөн ширхэг 256 ГБ санах ойтой M5 Ultra Mac Studio дээр мөн ажиллуулах боломжтой аж. Ийм дөрвөн төхөөрөмжийн нийлбэр үнэ ойролцоогоор 38 мянган ам.доллар хүрнэ.
Энэ хэмжээний хөрөнгө оруулалт нь жирийн хөгжүүлэгч, жижиг багийн хувьд хэт өндөр өртөгтэй. Харин API болон үүлэн AI үйлчилгээний token-д сар бүр их хэмжээний мөнгө зарцуулдаг том компаниудын хувьд урт хугацаанд локал систем байгуулах нь эдийн засгийн хувьд сонирхолтой сонголт болж магадгүй.
Ялангуяа нууцлал чухал өгөгдөлтэй байгууллагууд AI загварыг бүхэлд нь өөрийн төхөөрөмж дээр ажиллуулах боломжтой болох нь том давуу тал юм. Ингэснээр мэдээллээ гаднын сервер рүү илгээхгүйгээр том загвар ашиглах боломж нээгдэнэ.
Гэхдээ эцсийн ашиг тус нь Muse Spark Open бодит ажлын орчинд Meta-ийн зарласан benchmark шиг өндөр үзүүлэлт үзүүлж чадах эсэхээс шалтгаална.
Muse Spark Open-ийн model weights буюу загварын жинг одоо Hugging Face-ээс татан авч ашиглах боломжтой болсон байна.