Meta Platforms компани хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдийнхээ хүрээг өргөжүүлж, “Muse” AI туслахтай ажиллах зориулалттай “Meta Charm” нэртэй авсаархан гар төхөөрөмжийг танилцуулжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Mark Zuckerberg-ийн танилцуулснаар “Meta Charm” нь хэмжээний хувьд Apple-ийн AirPods-ийн кейстэй ойролцоо бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын AI харилцааг илүү хялбар болгоход чиглэсэн байна.
Төхөөрөмжийг арванхоёрдугаар сараас, баярын худалдааны улиралтай давхцуулан зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Харин худалдаанд гарах үнэ нь одоогоор зарлагдаагүй байна.
Meta камергүй “Ray-Ban Meta Audio” шил гаргана
Шинэ бүтээгдэхүүнүүдийн хүрээнд Meta өдөр тутмын хэрэглээнд зориулсан “Ray-Ban Meta Audio” ухаалаг шилийг мөн танилцуулжээ.
Өмнөх Ray-Ban Meta загваруудаас ялгаатай нь уг шил камергүй байх юм. Камерыг хассанаар олон нийтийн газар ухаалаг шил ашиглахтай холбоотой хувийн нууцын болгоомжлолыг бууруулахыг зорьсон байна.
“Ray-Ban Meta Audio”-г аравдугаар сарын 13-наас худалдаалж эхлэх бөгөөд үнэ нь 349 ам.доллароос эхлэхээр болжээ.
Камергүй ч дуу бичих боломж нь шинэ асуулт дагуулж байна
Шинэ шил камергүй болсон ч аудио бичлэг хийх боломжтой хэвээр байна.
Үүнтэй холбоотойгоор хэрэглэгч бичлэг хийж байгааг ойр орчмын хүмүүст тодорхой мэдэгдэх харагдах дохио байхгүй гэх асуудал анхаарал татаж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл камерын хэрэглээнээс үүддэг хувийн нууцын нэг асуудлыг шийдэхийг зорьсон ч дуу бичлэгтэй холбоотой шинэ эргэлзээ үүсэх боломжтой юм.
Нэг цэнэгээр 12 цаг ажиллана
“Ray-Ban Meta Audio”-гийн бас нэг давуу тал нь батарейн ажиллах хугацаа болж байна.
Meta-гийн мэдээлснээр шинэ загвар нэг удаагийн цэнэгээр 12 цаг хүртэл ажиллах боломжтой. Харин камер бүхий өмнөх үеийн Ray-Ban Meta шил нэг цэнэгээр есөн цаг орчим ажилладаг байжээ.
Ингэснээр шинэ хувилбарын батарейн хугацаа ойролцоогоор гурван цагаар урт болсон байна.
“Meta Charm” болон “Ray-Ban Meta Audio” хоёр нь Meta хиймэл оюун ухааныг зөвхөн программ биш, өдөр тутам биедээ авч явдаг төхөөрөмжүүдээр дамжуулан ашиглуулах стратегиа улам өргөжүүлж байгааг харуулж байна.