YouTube Gemini AI хайлттай болж, видео хайх арга өөрчлөгдөнө

нийтлэгч Содном Энхбаяр
YouTube Gemini AI хайлттай болж, видео хайх арга өөрчлөгдөнө

Google YouTube-д зориулсан томоохон AI шинэчлэлтээ танилцууллаа. Google I/O 2026 арга хэмжээний үеэр танилцуулсан Ask YouTube функц нь Gemini хиймэл оюун ухаанд суурилж, платформ дээр видео хайх уламжлалт аргыг өөрчлөхөөр байна.

Шинэ системийн тусламжтайгаар хэрэглэгч YouTube-ийн хайлтад зөвхөн түлхүүр үг бичихийн оронд энгийн хэлээр илүү нарийн асуулт тавих боломжтой болно. AI нь платформ дээрх контентыг шинжилж, хамгийн тохирох видео, Shorts болон тухайн видеоны хэрэгтэй хэсгийг хүртэл санал болгох юм.

Google-ийн үзүүлсэн жишээнд хэрэглэгч хүүхдээ дугуй унаж сургах арга хайж буйгаар харуулжээ. Ask YouTube ийм асуултад зөвхөн холбоотой видеонуудыг жагсаахаас гадна сургалтын бичлэгүүд, алхамчилсан заавар, хэрэгтэй зөвлөмжүүдийг нэг дор цэгцлэн харуулдаг байна.

Мөн хэрэглэгч үр дүнгээ нарийсгахын тулд нэмэлт асуулт асууж болно. Ингэснээр хайлт илүү харилцан ярианы хэлбэртэй болж, YouTube доторх мэдээлэл олох үйл явц хурдан, ойлгомжтой болох төлөвтэй байна.

Shorts болон урт видеог хамтад нь шинжилнэ

Ask YouTube зөвхөн урт бичлэгүүдтэй ажиллахгүй. Шинэ функц нь YouTube Shorts контентыг ч мөн шинжилж, хэрэглэгчийн асуултад тохирох богино видеонуудыг санал болгоно.

Энэ нь AI зөвхөн гарчиг, тайлбар, түлхүүр үгээр хайх бус, видеоны бодит агуулгыг ойлгох чиглэлд ажиллана гэсэн үг юм. Google-ийн үзэж буйгаар ийм арга нь YouTube дээрх асар их хэмжээний контентоос хэрэгтэй мэдээллийг хурдан олоход тусална.

Ask YouTube эхний ээлжинд АНУ-д YouTube Premium-ийн 18-аас дээш насны хэрэглэгчдэд нээлттэй болно. Google энэ зун багтаан функцийг илүү өргөн хүрээнд ашиглуулах төлөвтэй байна.

Шинэ AI хайлт нь видеоны үзэлт, тархалт, платформын алгоритмд нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь цаашид зохиогчид видеогоо зөвхөн гарчиг, thumbnail, тайлбараар бус, AI-д ойлгомжтой агуулга, бүтэцтэй хийх шаардлагатай болж болзошгүй юм.

Ингэснээр YouTube энгийн видео платформоос хэрэглэгчийн асуултад шууд хариу өгдөг AI мэдээллийн систем рүү ойртож байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.