YouTube Music хиймэл оюун ашиглан бүтээсэн хөгжмийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой танилцуулах шинэ тэмдэглэгээний систем нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр сонсогч тухайн дууг бүтээх явцад генератив хиймэл оюун ашигласан эсэх, хэр хэмжээнд оролцсоныг шууд харах боломжтой болох юм.
Шинэ тэмдэглэгээ нь дууны тоглуулах хуудсан дээр харагдах бөгөөд хэрэглэгч түүн дээр дарснаар хиймэл оюун тухайн бүтээлийн хөгжим, дуу хоолой эсвэл бусад хэсэгт ямар үүрэг гүйцэтгэснийг дэлгэрэнгүй үзэх боломжтой байна.
Энэхүү систем зөвхөн YouTube Music-д бус, үндсэн YouTube аппликейшнд ч хэрэгжихээр төлөвлөгджээ.
YouTube хөгжмийн салбарын түншүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ өөрийн илрүүлэх технологийг ашиглан AI-аар бүтээгдсэн контентыг тодорхойлж байгаа аж.
AI ашиглалтыг гурван түвшнээр тэмдэглэнэ
YouTube-ийн шинэ системд генератив хиймэл оюуны оролцоог үндсэн гурван ангиллаар ялгана.
“Fully Gen AI” буюу бүрэн хиймэл оюунаар бүтээсэн гэсэн тэмдэглэгээ нь хөгжмийн бүтээлийг бүхэлд нь AI ашиглан үүсгэсэн тохиолдолд тавигдана. Өөрөөр хэлбэл хүний шууд оролцоотой гүйцэтгэл, уламжлалт продакшны элемент бараг ашиглаагүй бүтээлүүд энэ ангилалд багтана.
“Partly Gen AI” буюу хэсэгчлэн хиймэл оюунаар бүтээсэн гэсэн ангилалд уран бүтээлч өөрийн хоолой, хөгжмийн гүйцэтгэл эсвэл продакшны ажлыг AI-аар үүсгэсэн элементүүдтэй хослуулсан бүтээлүүд орно.
Харин “No Gen AI” буюу генератив хиймэл оюун ашиглаагүй гэсэн тэмдэглэгээ нь уламжлалт аргаар бүтээгдсэн дуунд хэрэглэгдэх юм. Auto-Tune зэрэг дууны өнгө, өндөр намыг засах ердийн программ ашигласан нь энэ ангиллыг өөрчлөхгүй.
Ингэснээр хэрэглэгчид зөвхөн “AI ашигласан эсэх”-ийг харахаас гадна тухайн дууны бүтээлд технологийн оролцоо хэр их байсныг ялгаж ойлгох боломжтой болно.
Хөгжмийн платформууд AI контентод өөр өөр бодлого баримталж байна
Дижитал хөгжмийн салбарт хиймэл оюунаар бүтээсэн контент эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон стриминг платформууд өөр өөр зохицуулалт нэвтрүүлж эхэлжээ.
Apple Music 2026 оны сүүлээр “Made With AI” гэсэн шинэ тэмдэглэгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хиймэл оюуны оролцоотой бүтээлийг хэрэглэгчдэд ил тод харуулах өргөн хүрээний системийн нэг хэсэг болох юм.
Spotify мөн AI ашигласан хөгжмийн контентыг тусгайлан ангилж, чанаргүй, санамсаргүй үүсгэсэн эсвэл спам шинжтэй аудиог хязгаарлах шүүлтүүрүүд ашиглаж байна.
Deezer үүнээс илүү хатуу бодлого баримталж байгаа. Тус платформ долдугаар сард өдөр бүр ойролцоогоор 90 мянган бүрэн AI-аар бүтээсэн дуу хүлээн авч байгаагаа мэдээлсэн бөгөөд ийм бүтээлүүдийг тусгай тэмдэглэгээгээр ялгаж эхэлжээ.
Мөн Deezer AI-аар бүрэн үүсгэсэн хөгжмийг алгоритмын зөвлөмж болон редакторын бэлтгэсэн playlist-ээс хасах бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн хуурамч сонсолтоос үүдэлтэй орлогод роялти төлөхгүй байх арга хэмжээ авч, хэрэглэгчдэд хиймэл оюунаар бүтээсэн хөгжмийг бүрэн шүүх сонголт өгөхөөр ажиллаж байна.
TIDAL ч мөн бүрэн хиймэл оюунаар бүтээгдсэн гэж тогтоосон бичлэгүүдийг тусгай тэмдэглэгээтэй болгож, хэрэглэгчдэд ийм контентыг харахгүй байх тохиргоо санал болгодог. Мөн зарим тохиолдолд ийм бүтээлийг хөгжмийн зохиогчийн эрхийн орлогын тооцооллоос хасдаг байна.
YouTube харин AI хөгжмийг бүхэлд нь хязгаарлахын оронд ил тод байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь онцлог юм.
Шинэ системийн зорилго нь хиймэл оюун тухайн бүтээлд хэр хэмжээгээр оролцсоныг сонсогчдод тодорхой харуулах бөгөөд AI ашигласан гэдэг шалтгаанаар тухайн контентыг автоматаар орлого олох боломжгүй болгохгүй.
Үүний зэрэгцээ YouTube өөрөө хиймэл оюунаар хөгжим бүтээх хэрэгслүүдийг туршсаар байна. Тухайлбал Dream Track төсөл нь сонгогдсон контент бүтээгчдэд хөтөлбөрт оролцож буй уран бүтээлчдийн хоолойг AI-аар үүсгэсэн хувилбараар ашиглан аудио бүтээх боломж олгодог.
Ингэснээр хөгжмийн платформуудын AI контентод хандах бодлого улам ялгаатай болж байна. Зарим нь хэрэглэгчдэд зөвхөн мэдээлэл өгөхийг чухалчилж байгаа бол нөгөө хэсэг нь түгээлт, зөвлөмж болон орлогын системд илүү хатуу хязгаарлалт тавьж эхэлжээ.
1 сэтгэгдэл
Заримдаа AI дуу үнэхээр бодит юм шиг сонсогдоод төөрөгдүүлдэг байсан юм