5363 хэсэгтэй аварга Годзилла: LEGO «атомын амьсгалтай» шинэ загвараа танилцууллаа

0 views
5363 хэсэгтэй аварга Годзилла: LEGO «атомын амьсгалтай» шинэ загвараа танилцууллаа

LEGO компани Ideas Godzilla 21375 нэртэй шинэ эвлүүлдэг тоглоомоо танилцуулжээ. Энэ нь LEGO Ideas цувралын мангасын дүртэй хамгийн том багц болсон байна. Нийт 5363 хэсгээс бүрдэх уг загварын өндөр «атомын амьсгал»-ыг дүрсэлсэн цэнхэр цацрагийн хамт ойролцоогоор 70 сантиметрт хүрнэ.

Годзиллагийн биеийг хайрст бүтцийг дуурайлган урлаж, нурууны онцлог ялтас болон урт, хөдөлгөөнт сүүлийг нь багтаажээ. Толгой, гар, бугуй, хурууны байрлалыг өөрчлөх боломжтой тул угсарсан дүрсийг тулааны янз бүрийн байрлалд оруулан дэлгэж болно.

Багцын онцлох эд анги нь Годзиллагийн алдарт довтолгоо болох «атомын амьсгал»-ыг илэрхийлэх цэнхэр цацраг юм. Довтолж буй байдлаар харуулахыг хүсэхгүй бол цацрагийг салгаж, оронд нь хэл суурилуулах боломжтой аж.

Энэхүү бүтээлийн анхны хувилбарыг LEGO Ideas платформд нийтэлсэн бөгөөд хэрэглэгчдээс шаардлагатай 10 мянган санал авчээ. Улмаар LEGO-гийн шалгаруулалтыг давж, компанийн дизайнеруудын баг уг санааг хөгжүүлэн эцсийн загварыг боловсруулсан байна.

Анхны загварын санааг Мэттью Эспозито гаргажээ. Түүний тайлбарласнаар бүтээх явцад хамгийн их сорилт учруулсан хэсгүүдийн нэг нь мангасын толгой байв. Учир нь дүрийн толгойн хэлбэр болон хараад шууд танигдах төрхийг аль болох нарийн гаргах шаардлагатай болсон байна.

LEGO Ideas Godzilla багц АНУ-д 449.99 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм. Тус бүтээгдэхүүн LEGO-гийн албан ёсны сайтад хэдийн байршсан бөгөөд одоогоор «Тун удахгүй» гэсэн төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.