Amazon АНУ-ын Индиана мужийн Greenwood хотод дэвшилтэт үйлдвэрлэлийн шинэ үйлдвэр байгуулахад 100 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулахаар болжээ. Тус үйлдвэр ойролцоогоор 585 мянган квадрат фут буюу 54 мянга орчим ам метр талбайтай байх бөгөөд 2028 он гэхэд ашиглалтад оруулах төлөвтэй байна.
Шинэ үйлдвэрийн хүрээнд үйлдвэрлэл, инженерийн чиглэлээр 300 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.
Amazon өөрийн роботжуулсан сүлжээнд зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ
Greenwood дахь шинэ байгууламжид Amazon-ийн Хойд Америк дахь логистик болон роботжуулсан сүлжээнд ашиглах тоног төхөөрөмж, эд ангиудыг үйлдвэрлэх юм.
Үйлдвэрт орчин үеийн үйлдвэрлэлийн шугам, роботжуулсан гагнуур, автомат нунтаг будалтын систем болон угсралтын технологийг нэг дор ашиглахаар төлөвлөжээ.
Мөн Amazon үйлдвэрлэлийн ажиллагааг илүү үр ашигтай болгохын тулд AWS, хиймэл оюун ухаан болон робот системүүдийг ашиглана гэж мэдэгдсэн байна.
Дундаж цалин жилд 100 мянган ам.долларт ойр байна
Шинэ үйлдвэрт CNC буюу тоон удирдлагатай машин механизмын оператор, гагнуурчин, нунтаг будалтын техникч, инженер, чанарын хяналтын мэргэжилтэн, удирдлагын системийн инженер болон хөтөлбөрийн менежер зэрэг ажлын байр нээгдэхээр байна.
Amazon-ийн мэдээлснээр эдгээр албан тушаалын дундаж цалин жилд ойролцоогоор 100 мянган ам.доллар байх аж.
Ингэснээр шинэ үйлдвэр зөвхөн автоматжуулалт, роботын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бус өндөр ур чадвар шаардсан ажлын байр бий болгох зорилготой байна.
АНУ-д үйлдвэрлэсэн роботын тоо нэг саяыг давжээ
Amazon Greenwood дахь үйлдвэрээ АНУ дахь үйлдвэрлэлийн өргөтгөлийнхөө нэг хэсэг гэж тодорхойлжээ.
Компанийн мэдээлснээр Amazon АНУ-д нэг сая гаруй үйлдвэрлэлийн робот үйлдвэрлэсэн бөгөөд эдгээр нь дэлхий даяарх 300 гаруй байгууламжид ажиллаж байна.
Тус компани Индиана мужид 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөг хүртэл мужид хийсэн нийт хөрөнгө оруулалт нь 40 тэрбум ам.доллароос давжээ.
Нийлүүлэлтийн сүлжээгээ дотооддоо бэхжүүлнэ
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор Amazon өөрийн логистикийн сүлжээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмж, системийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой болно.
Мөн орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлж, роботжуулсан агуулах, автоматжуулалтын системд шаардлагатай эд ангийн хамаарлыг бууруулах зорилготой байна.
Greenwood дахь шинэ байгууламж нь Amazon уламжлалт үйлдвэрлэлийг робот техник, автоматжуулалт болон хиймэл оюун ухаантай хэрхэн нэгтгэж байгааг харуулах дараагийн томоохон төсөл болох юм.