Garmin компани маш удаан цэнэг барих Enduro 4 ухаалаг цагаа танилцуулжээ. Шинэ загвар нь энэ үзүүлэлтээрээ компанийн өөрийн Fenix 9 Pro Solar загварыг ч давж магадгүй байна.
Ийм өндөр эрчим хүчний үр ашигт 280 × 280 пикселийн нягтаршилтай 1.4 инчийн MiP дэлгэц болон нарны элемент суурилуулсан Power Sapphire хамгаалалтын шилийг хослуулснаар хүрчээ.
Нарны гэрлээр цэнэглэхгүй үед төхөөрөмж ердийн горимоор 36 хүртэл хоног ажиллах бол тод өдрийн гэрэлд энэ хугацаа 90 хоног хүртэл нэмэгдэнэ.
Дасгал хөдөлгөөн хянах үед батарей нь 120 хүртэл цаг ажиллах бөгөөд нарны эрчим хүчээр цэнэглэвэл 320 цаг хүртэл сунгах боломжтой. Харин бүх хиймэл дагуулын системийг идэвхжүүлсэн үед цэнэг барих хугацаа тус бүр 80 болон 144 цаг байна.

Үйлдвэрлэгчийн мэдээлснээр, экспедиц болон эрчим хүч хэмнэх горимд цаг бараг тасралтгүй ажиллах боломжтой аж. Enduro 4 нь бат бөх полимер их бие, титан хүрээтэй бөгөөд 5 ATM усны хамгаалалттай. 51 мм диаметр, 15.7 мм зузаантай тул харьцангуй том биетэй загвар болжээ.
Уг цагийг GPS модуль, Garmin Pay төлбөрийн NFC чип болон хөгжим, газрын зураг, апп хадгалах 64 ГБ санах ойгоор тоноглосон байна. Эрүүл мэндийн үзүүлэлтийг хянахын тулд зүрхний цохилт, SpO2, арьсны температур болон ЭКГ хэмжих мэдрэгчүүд суурилуулжээ.
Тамирчдад зориулан 100 гаруй төрлийн идэвх, дасгалын горим нэмсэн байна. Мөн суурилуулсан Power Manager апп нь аль функц хэр хэмжээний цэнэг хэрэглэж байгааг харуулдаг.
Үүнээс гадна цагаанд болон улаан гэрэлтэй LED гар чийдэнтэй. Garmin Enduro 4-ийн худалдаа 10-р сарын 9-нд эхлэх бөгөөд үнэ нь 900 ам.доллар байна.