Google-ийн Япон дахь Gboard баг ердийн гараас тэс өөр, товчлуурууд нь туузан дамжуурга дээр тасралтгүй хөдөлдөг туршилтын загварыг танилцуулжээ. Gboard Conveyor Belt Version нэртэй энэхүү төхөөрөмжийн гол санаа нь хэрэглэгч шаардлагатай товчлуур руу гараа сунгах биш, харин товчлуур өөрөө гарынх нь өмнө ирэхийг хүлээх явдал юм.
Google уг загварыг нэг гараар текст бичих сонирхолтой арга болгон бүтээжээ.
Товчлуур өөрөө таны өмнө ирнэ
Энэхүү гарын товчлуурууд туузан дамжуурга дээр тойрог хэлбэрээр тасралтгүй хөдөлдөг. Хэрэглэгч бичих гэж буй үсэг нь гарынх нь өмнө ирэх үед зөв мөчид дарж текст оруулах шаардлагатай.
Туузан хэсэг бүр дээр 29 товчлуур байрлуулсан бөгөөд том, жижиг үсгийг тусдаа тэмдэглэгээгээр оруулах боломжтой байхаар зохион бүтээсэн байна.
Ердийн гар дээр хэрэглэгч шаардлагатай товчлуур руу хуруугаа хөдөлгөдөг бол энэ загварт эсрэгээрээ товчлуур өөрөө хэрэглэгч рүү “ирдэг” гэсэн үг.
Нэг гараар бичээд, нөгөө гараараа хулгана ашиглаж болно
Гарын доторх механик систем товчлууруудыг тасралтгүй тойруулан хөдөлгөдөг. Үүний ачаар хэрэглэгч нэг гараараа бичих зуур нөгөө гараараа хулгана эсвэл өөр төхөөрөмж ашиглах боломжтой гэж Google тайлбарлажээ.
Компанийн зүгээс бүр тоглоомоор хоёр ийм гарыг зэрэг ашиглавал бүтээмж бүр ч нэмэгдэж магадгүй гэж дурдсан байна.
Гэхдээ энэхүү төхөөрөмж нь ердийн гарын хурдыг орлох зориулалттай бодит бүтээгдэхүүнээс илүүтэй туршилтын, хөгжилтэй санаа юм.

Худалдаанд гарахгүй, харин өөрөө угсарч болно
Google уг гарыг олноор үйлдвэрлэж, худалдаанд гаргах төлөвлөгөөгүй байна.
Харин сонирхогчдод зориулж зураг төсөл, шаардлагатай эд ангийн жагсаалт болон угсралтын бусад материалыг нээлттэй нийтэлжээ. Тиймээс техникийн сонирхолтой хэрэглэгчид ижил загварын гарыг өөрсдөө угсрах боломжтой.
Энэ нь Google-ийн Япон дахь Gboard багийн анхны этгээд туршилт биш юм.
Өмнө нь нэг мөртэй урт гар хүртэл хийж байжээ
Gboard-ийн Японы баг өмнөх жилүүдэд мөн ер бусын олон гарын загвар танилцуулж байсан.
Тэд нэг мөрөнд бүх товчлуур байрласан маш урт гар, дугуй хэлбэрийн загвар, мөн хуучны эргэдэг утасны дугаарлагчийг санагдуулам диск ашигладаг гар хүртэл бүтээж байжээ.
Ийм туршилтын загваруудаа тус баг ихэвчлэн аравдугаар сарын 1-нд танилцуулдаг уламжлалтай.
Google энэ өдрийг сонгодог шалтгаанаа сонгодог 101 товчлууртай гартай холбон тайлбарлажээ. Аравдугаар сарын 1 буюу 10/1 гэсэн огноо нь “101” гэсэн тоотой давхцдаг учраас ийнхүү сонгосон байна.
Ингэснээр Gboard Conveyor Belt Version нь өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан шинэ бүтээгдэхүүнээс илүүтэйгээр гарын хийц, бичих арга барилыг өөр өнцгөөс харуулсан Google-ийн очередийн туршилтын бүтээл болж байна.
