Sony зөвхөн хүчирхэг төхөөрөмж бус, үүлэн экосистем бэлдэж байна
PlayStation 6-ийн талаар гарч буй шинэ мэдээллүүд Sony-ийн дараагийн үеийн консол ямар чиглэлд хөгжихийг улам тодорхой болгож эхэллээ. Сүүлийн leak-үүдээс харахад компани зөвхөн техник үзүүлэлт, илүү хүчтэй “төмөр”-т төвлөрөхгүй, харин үүлэн технологи, өгөгдөл хадгалалтын шинэ архитектур руу том алхам хийхээр төлөвлөж байж магадгүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Sony сүүлийн хэдэн жилийн турш серверийн дэд бүтцээ шинэчлэхэд идэвхтэй хөрөнгө оруулж байгаа аж. Энэ нь стриминг болон cloud gaming-тэй шууд холбоотой бөгөөд эдгээр нь PS6-ийн гол хэсгүүдийн нэг болох төлөвтэй. Компанийн зорилго нь тоглоомын туршлагын тодорхой хэсгийг зөвхөн төхөөрөмж дээр бус, сүлжээгээр дамжуулан илүү хурдан, тогтвортой ажиллуулахад чиглэж байна.
Гэсэн ч локал хүчин чадал ач холбогдлоо алдахгүй. PlayStation 6 шинэ үеийн илүү хурдан SSD-тэй, магадгүй PCIe Gen5 NVMe хадгалах төхөөрөмжтэй гарах хүлээлттэй байна. Харьцуулбал, PS5 Gen4 SSD ашигладаг бөгөөд энэ нь тоглоом ачаалах хурдыг аль хэдийн маш өндөр түвшинд хүргэсэн. Харин шинэ үеийн хурд үүнээс хоёр дахин илүү байж магадгүй ч үүний зэрэгцээ консолын үнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Үнийн асуудал PS6-ийн хамгийн том сорилуудын нэг болж мэднэ. Зах зээл дээр санах ой болон бүрэлдэхүүн хэсгийн хомсдол электроникийн үйлдвэрлэлд аль хэдийн нөлөөлж эхэлсэн бөгөөд Sony-ийн шинэ консол ч үүнээс ангид байхгүй бололтой. Тиймээс компани локал нөөцийн ачааллыг бууруулахын тулд үүлэн үйлчилгээний хэрэглээг илүү өргөн болгох хувилбарыг авч үзэж байгаа гэж таамаглаж байна.
PS5, магадгүй PS4-ийн тоглоомууд ч ажиллах боломжтой
Sony энэ чиглэлд аль хэдийн хөдөлж эхэлсэн. PS Plus Premium үйлчилгээ стримингийн боломжоо өргөжүүлж байгаа бол PlayStation Portal зэрэг төхөөрөмжүүд гэрийн консол болон зөөврийн тоглоомын туршлагын хоорондох гүүр болж байна. Ирээдүйд PS6-ийн портатив хувилбарын тухай цуурхал ч энэ хандлагыг бататгаж байгаа бөгөөд дараагийн үеийн PlayStation локал ажиллуулалт болон үүлэн үйлчилгээ хосолсон гибрид загвартай байж магадгүй юм.
Өөр нэг чухал сэдэв бол нийцтэй байдал. Одоогийн мэдээллээр PS6 нь PS5-ийн тоглоомуудыг дэмжих бөгөөд магадгүй PS4-ийн тоглоомуудтай ч нийцэх боломжтой аж. Энэ нь хэрэглэгчид шинэ үеийн консол руу шилжихдээ тоглоомын сангаа дахин эхнээс нь бүрдүүлэх шаардлагагүй гэсэн үг юм. Ийм шийдэл нь шинэ төхөөрөмж худалдан авах санхүүгийн дарамтыг тодорхой хэмжээнд зөөлрүүлж чадна.
Мөн Sony өгөгдөл шахах технологи болон хиймэл оюун ухааны шийдлүүд дээр туршилт хийж байгаа гэх мэдээлэл бий. Ийм AI систем нь тоглоомын чанарыг алдагдуулахгүйгээр файлын хэмжээг багасгах боломжтой бөгөөд жишээлбэл, texture-үүдийг neural network-ийн боловсруулалтаар илүү үр ашигтай хадгалах хувилбар яригдаж байна.
Гэсэн хэдий ч бүх техникийн шинэчлэлээс үл хамааран хамгийн том асуулт хэвээр байна. PlayStation 6 ямар үнэтэй байх вэ, мөн олон нийтэд хэр хүртээмжтэй байх вэ гэдэг нь шийдвэрлэх хүчин зүйл болох юм.
Одоогоор тодорхой харагдаж буй зүйл бол дараагийн үеийн PlayStation илүү “үүлэн”, илүү уян хатан gaming экосистем рүү чиглэж байгаа явдал. Ингэснээр локал консол болон онлайн үйлчилгээний хоорондох хил зааг аажмаар бүдгэрч, Sony тоглоомын туршлагыг зөвхөн нэг төхөөрөмжөөр хязгаарлахгүй шинэ үе рүү шилжүүлж магадгүй байна.