Энгийн мэт үйлдлүүд төхөөрөмжид сөргөөр нөлөөлж болзошгүй
Ухаалаг утас өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Ажил хийх, хүмүүстэй холбогдох, худалдан авалт хийх, зам хайх, мэдээлэл авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд бараг бүх зүйлд бид утсаа ашигладаг. Үүнтэй холбоотойгоор олон хэрэглэгч төхөөрөмжөө илүү хурдан ажиллуулах, цэнэгийг нь удаан бариулах, ашиглалтын хугацааг уртасгах зорилготой мэт санагдах тодорхой зуршилтай болсон байдаг.
Гэвч түгээмэл хэрэглэгддэг зарим үйлдэл үнэндээ огт ашиггүйгээс гадна ухаалаг утас болон аккумуляторт сөргөөр нөлөөлж болзошгүй. Эдгээр зуршлын зарим нь хуучны гар утасны үеэс үлдсэн ойлголт боловч орчин үеийн төхөөрөмжүүдийн ажиллагаа тэс өөр болсон юм.
1. Бүх аппликейшнийг хүчээр хаах
Олон хэрэглэгч нээлттэй байгаа бүх аппликейшнийг байнга хааж, ингэснээр утас хурдан ажиллаж, бага цэнэг зарцуулна гэж боддог. Гэвч орчин үеийн ухаалаг утасны хувьд энэ нь үргэлж зөв арга биш.
Сүүлийн үеийн төхөөрөмжүүд фонов процессуудыг өөрсдөө зохицуулдаг. Хэрэв аппликейшнийг тухайн үед ашиглахгүй бол систем түүнийг идэвхгүй буюу унтаа горимд шилжүүлдэг. Ийм үед аппликейшн бараг нөөц ашигладаггүй. Харин хүчээр хаасан програмыг дахин нээхэд систем түүнийг шинээр ачаалах шаардлагатай болдог тул фоноос сэргээхээс илүү их энерги зарцуулж магадгүй.
Тиймээс бүх аппликейшнийг тогтмол хааж байх шаардлагагүй. Зөвхөн тухайн програм гацсан, буруу ажиллаж байгаа эсвэл хариу өгөхгүй болсон үед л хүчээр хаах нь зүйтэй.
2. Бүх програмд фонов шинэчлэл идэвхтэй үлдээх
Аппликейшний фонов шинэчлэл зарим тохиолдолд үнэхээр хэрэгтэй. Програмууд өөрсдөө шинэ мэдээлэл татаж, мэдэгдэл илгээж, хэрэглэгч нээх үед бэлэн байдалтай байдаг. Гэхдээ энэ боломж бүх аппликейшнд идэвхтэй байвал утасны цэнэг илүү хурдан дуусна.
Ялангуяа бараг ашигладаггүй програмууд фонов горимд мэдээлэл шинэчилж байвал бодит хэрэгцээгүй хэрнээ цэнэг, интернэт, системийн нөөц зарцуулдаг. Ийм үед төхөөрөмжийн ажиллагаа удааширч, аккумуляторын ачаалал нэмэгдэж болзошгүй.
Фонов шинэчлэлийг бүрэн унтраах шаардлагагүй. Харин сонголттойгоор тохируулах нь илүү зөв. Мессенжер, имэйл, банкны аппликейшн болон үнэхээр чухал үйлчилгээний хувьд идэвхтэй үлдээгээд, ховор ашигладаг хоёрдогч програмуудын фонов шинэчлэлийг унтраах хэрэгтэй.
3. Утсаа шөнө цэнэглэхээс айх
Олон хүн ухаалаг утсаа шөнөжин цэнэглэвэл батарей нь муудна гэж боддог. Энэ ойлголт хуучны утасны үеэс үлдсэн бөгөөд тухайн үед аккумулятор болон цэнэг удирдах систем өнөөгийнх шиг ухаалаг байгаагүй.
Орчин үеийн ухаалаг утаснууд цэнэглэлт хянах тусгай контроллертой. Энэ систем нь батарейг хэт цэнэглэгдэхээс хамгаалж, цэнэг 100 хувьд хүрсний дараа процессийг зохицуулдаг. Мөн олон загварт оптималь цэнэглэлт гэх функц байдаг. Ийм үед утас шөнийн турш цэнэглэх явцыг удаашруулж, өглөө сэрэх цагт ойртуулан 100 хувьд хүргэдэг.
Тиймээс шөнө цэнэглэх нь өөрөө ноцтой асуудал биш. Гол нь чанартай цэнэглэгч ашиглах, утсаа дэрэн доор эсвэл дулаан гадагшлах боломжгүй газар тавихгүй байх хэрэгтэй. Хэт халалт аккумуляторт илүү их хор хүргэдэг.
4. Батарейг байнга 0 хувь хүртэл дуусгаж, 100 хувь хүртэл цэнэглэх
Утсаа бүрэн унтартал нь ашиглаад дараа нь 100 хувь хүртэл цэнэглэх нь сайн гэсэн ойлголт одоо хуучирсан. Ийм зөвлөгөө өмнөх үеийн зарим төхөөрөмжийн зааварт тааралддаг байсан ч өнөөгийн литий-ион аккумуляторт тохиромжгүй.
Орчин үеийн батарей дундаж цэнэгийн түвшинд ажиллахдаа илүү тогтвортой байдаг. Харин цэнэгийг байнга 0 хувь хүртэл буулгах, өдөр бүр 100 хувь хүртэл дүүргэх нь аккумуляторын элэгдлийг түргэсгэж болзошгүй.
Хамгийн тохиромжтой нь цэнэгийг ойролцоогоор 30-90 хувийн хооронд барих явдал. Энэ нь утсаа хэзээ ч 100 хувь цэнэглэж болохгүй гэсэн үг биш. Гэхдээ шаардлагагүй үед өдөр бүр бүрэн дүүргэх, бүрэн дуусгах зуршил батарейны насжилтад сөргөөр нөлөөлж магадгүй.
5. Нөөц хуулбар хийхгүй байх
Олон хэрэглэгч нөөц хуулбар хийхийг хойшлуулдаг. Зарим нь үүнийг илүүц гэж боддог бол зарим нь үүлэн хадгалах сангийн зайгаа дэмий үрэхийг хүсдэггүй. Гэвч ийм хайхрамжгүй байдал хожим том асуудал үүсгэж болно.
Ухаалаг утас санамсаргүй унах, эвдрэх, алдагдах эсвэл системийн доголдлоос болж ашиглах боломжгүй болох эрсдэл үргэлж бий. Ийм үед нөөц хуулбаргүй бол зураг, холбоо барих дугаар, бичиг баримт, чат, ажлын файл болон бусад чухал мэдээлэл нэг дор алга болж магадгүй.
Иймээс нөөцлөлтийг урьдчилан тохируулах нь зөв. Үүлэн хадгалах сан, компьютер дээрх хуулбар эсвэл өөр найдвартай арга ашиглаж болно. Хамгийн гол нь чухал мэдээлэл зөвхөн нэг төхөөрөмж дээр хадгалагдаж үлдэх ёсгүй.
6. Системийн шинэчлэлийг байнга үл тоох
Програм хангамжийн шинэчлэлийг олон хэрэглэгч хоёрдогч зүйл гэж үздэг. Шинэчлэл суулгахад хугацаа шаардагдаж, төхөөрөмжийн санах ой эзэлж, заримдаа тохиромжгүй үед гарч ирдэг тул хүмүүс дараа болгохоор хойшлуулдаг.
Гэвч системийн шинэчлэл зөвхөн шинэ функц нэмэх зориулалттай биш. Ихэнхдээ тэд алдаа засах, төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлын цоорхойг хаах чухал үүрэгтэй байдаг.
Ийм шинэчлэлийг удаан хугацаанд үл тоох нь утсыг илүү эмзэг, доголдолд өртөмтгий болгож болзошгүй. Тиймээс төхөөрөмж хангалттай цэнэгтэй, Wi-Fi-д холбогдсон, танд хэдэн минутын зав байгаа үед шинэчлэлийг суулгаж байх нь зөв.
Зөв зуршил утасны насжилтыг уртасгана
Ухаалаг утсаа удаан, тогтвортой ашиглахын тулд заавал нарийн төвөгтэй тохиргоо хийх шаардлагагүй. Харин хуучирсан ойлголт, буруу зуршлаас татгалзаж, төхөөрөмжийн өнөөгийн ажиллагаанд тохирсон энгийн дүрмийг дагах нь илүү үр дүнтэй.
Аппликейшнүүдийг шалтгаангүйгээр хаахгүй байх, фонов шинэчлэлийг зөв тохируулах, батарейг хэт туйлшруулж цэнэглэхгүй байх, нөөц хуулбар хийх, системийн шинэчлэлийг үл тоохгүй байх зэрэг энгийн алхамууд утасны ажиллагаа болон аккумуляторын насжилтад бодитоор нөлөөлнө.