Anthropic компани хиймэл оюун ухааныг өөрийн судалгаа, шинэ загвар боловсруулах үйл явцад ашиглах хэмжээ эрс нэмэгдсэн талаар мэдээлжээ. 2026 оны наймдугаар сарын байдлаар Claude нь компанийн AI R&D чиглэлийн ажлын ойролцоогоор 26 хувийг голлон гүйцэтгэж байгаа аж.
Энэ үзүүлэлт оны эхэнд 1 хувьд ч хүрдэггүй байсан бол хэдхэн сарын дотор огцом өссөн байна. Ингэснээр хиймэл оюун ухаан зөвхөн туслах хэрэгсэл бус, зарим судалгаа болон хөгжүүлэлтийн ажлыг эхнээс нь дуустал удирдан гүйцэтгэх түвшинд хүрч байгааг Anthropic онцолжээ.
Гэхдээ энэ нь бүрэн бие даасан ажиллагаа гэсэн үг биш. Anthropic тусгай үнэлгээний шатлал ашигладаг бөгөөд “удирдан гүйцэтгэнэ” гэсэн түвшин нь AI ерөнхий даалгавар авсны дараа ажлын ихэнх хэсгийг бие даан хийж, хүн үйл явцыг хянах хэлбэрийг илэрхийлдэг байна.
Компанийн мэдээллээр одоогоор судалгааны нийт ажлын 90 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр хиймэл оюун ухааны оролцоотой явагдаж байгаа аж.
AI агентуудын хэрэглээ ч мөн эрс нэмэгджээ. 2026 оны наймдугаар сард Anthropic-ийн дотоод платформ дээр ойролцоогоор 30 мянган AI агент инженерчлэл болон судалгааны даалгаврыг зэрэг гүйцэтгэж байсан байна.
Тэдгээр агентын үйлдлийг тусгай хяналтын системээр дамжуулан шалгадаг бөгөөд эрсдэлтэй эсвэл аюултай гэж үзсэн үйлдлийг автоматаар зогсоох боломжтой гэж компани тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Anthropic шинэ AI загварыг бүрэн автономит байдлаар бүтээдэг түвшинд хараахан хүрээгүй гэдгийг онцолсон байна.
Компанийн зүгээс энэ чиглэлийг хиймэл оюун ухааны “рекурсив өөрийгөө сайжруулах” чадвар руу ойртож буй нэг алхам гэж үзэж байгаа ч өөрийнхөө дараагийн үеийн загварыг бүрэн бие даан бүтээж чаддаг систем бий болоход одоогоор хол байгааг тэмдэглэжээ.
Мөн Anthropic ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд цаашид хөндлөнгийн, бие даасан үнэлгээний байгууллагуудыг оролцуулж, аюулгүй ажиллагаа болон нийтэд зарласан үзүүлэлтүүдийг давхар шалгуулахаар төлөвлөж байна.