Emergence лабораторийн судлаачид бие даан ажилладаг хиймэл оюуны агентууд хоорондоо харилцах явцдаа шинэ үг, зүйрлэл, бүр өөрсдийн дотоод харилцааны дүрэм хүртэл үүсгэж чаддагийг ажиглажээ.
Туршилтын үеэр өөр өөр хөгжүүлэгчдийн бүтээсэн хиймэл оюуны загварууд хэдхэн хоногийн дотор өмнө нь хэн ч зааж өгөөгүй өвөрмөц хэллэг, нэр томьёо хэрэглэж эхэлсэн байна.
Хиймэл оюун шинэ үгс өөрөө зохиожээ
Зарим хэллэг нь яруу найраг, техникийн хэллэг болон байгууллагын дотоод жаргоны холимог мэт сонсогдож байсан аж.
Тухайлбал, агентууд “ledger remembers” буюу “бүртгэл санаж байна” гэсэн хэллэгийг өмнөх үйлдлүүд ирээдүйн шийдвэрт нөлөөлнө гэсэн утгаар ашиглажээ.
Харин DeepSeek-ийн агентууд бусад агентуудад зориулж хэрэгсэл бүтээдэг хиймэл оюуныг “forge-smith” гэж нэрлэсэн байна.
Судлаачдын онцолсноор эдгээр нэр томьёог туршилтын өмнө моделуудад өгч, зааж байгаагүй аж. Агентууд өөрсдөө үгэнд утга оноож, дараа нь бусад нь тэр нэр томьёог ойлгон хэрэглэж эхэлжээ.
Удаан харилцах тусам хүмүүс ойлгоход хэцүү болжээ
Зарим туршилтад агентуудын хоорондын харилцаа удаан үргэлжлэх тусам тэдний хэрэглэдэг хэллэг хүний хувьд улам бүр ойлгомжгүй болсон байна.
Өөрөөр хэлбэл, хүн тэдний бүх мессежийг харах боломжтой байсан ч яг ямар утгаар харилцаж байгааг нь бүрэн тайлбарлахад хүндрэлтэй болжээ.
Энэ үзэгдлийг хэл шинжээчид хүний нийгэмд шинэ сленг, мэргэжлийн үг хэллэг бий болдог үйл явцтай төстэй гэж үзсэн байна.
Тэдний тайлбарласнаар нийтлэг товчилсон хэл, дотоод нэр томьёо нь хиймэл оюуны агентуудад мэдээллээ илүү хурдан солилцох, бүлгийн дотор тодорхой дүрэм тогтооход тусалж байж болох аж.
Судлаачдын нэг нь зарим хэллэгийн этгээд, сюрреал шинжийг зохиолч James Joyce-ийн бүтээлтэй хүртэл зүйрлэжээ.
Гол асуудал нь шинэ үг биш, хяналт
Судлаачдын хувьд хамгийн том санаа зовоосон зүйл нь хиймэл оюун шинэ жаргон үүсгэж байгаа явдал өөрөө биш байна.
Харин бие даасан системүүд хоорондоо хүний ойлгоход бэрх хэлбэрээр харилцаж эхэлбэл тэдний үйл ажиллагааг хянахад хүндрэл үүсч болзошгүй гэж үзжээ.
Хүн агентуудын харилцан бичсэн бүх мэдээллийг хараад сууж байсан ч тэр ярианы жинхэнэ утга, тохиролцоог бүрэн ойлгохгүй байх эрсдэлтэй.
Иймээс судлаачид автоном хиймэл оюуны системийг хянахад “яриаг нь харах боломжтой байх” хангалтгүй, “юу хэлж байгааг нь үнэхээр ойлгох” чадвар мөн адил чухал гэж анхааруулжээ.