Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт байрлах Үндэсний дата төвийн Нөөц төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус Нөөц төв нь гамшгийн үед мэдээллийн системийг нөхөн сэргээх зориулалттай бөгөөд төрийн мэдээллийн системүүдийн нөөцлөлтийг хийдэг стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц юм.
Танилцах үеэр Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулгар нар байлцав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-II” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн Нөөц төвийн Б өрөөг тоноглож, GPU сервер байрлуулах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр төрийн байгууллагууд, их, дээд сургууль, судалгааны байгууллага болон хиймэл оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесүүдэд зориулсан туршилт, хөгжүүлэлтийн sandbox орчин бий болно. Энэ орчин нь хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт, өгөгдөл боловсруулах чиглэлийн шийдлүүдийг бодит мэдээллийн системд шууд нөлөөлөхгүйгээр аюулгүй, хяналттай нөхцөлд турших боломж олгох юм. Мөн GPU серверийн тооцоолон бодох хүчин чадлыг ашиглан дотоодын хөгжүүлэгчид, стартапууд хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээ, загваруудаа хөгжүүлэх, турших, сайжруулах нөхцөл бүрдэхээр байна.
Үндэсний дата төвийн Нөөц төвийг ийнхүү өргөтгөн хөгжүүлснээр зөвхөн гамшгийн үеийн нөхөн сэргээх чадавхыг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсад хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан инновацын шинэ орчныг бүрдүүлэх чухал алхам болох юм.