Apple ямар нэгэн томоохон мэдэгдэл хийлгүйгээр iPhone-ийн зарим загварын үнээ өсгөжээ. Одоогоор энэ өөрчлөлт зөвхөн Японы албан ёсны Apple Store-д хэрэгжиж байгаа бөгөөд бусад улс оронд үнэ хэвээр байна гэж phonearena.com мэдээлсэн байна.
Зургаан iPhone загварын үнэ нэмэгдэв
Үнийн өөрчлөлт нийт зургаан загварыг хамарчээ. Үүнд iPhone 16, iPhone 17, iPhone 17e, iPhone Air, мөн Pro болон Pro Max хувилбарууд багтсан байна.
Японд эдгээр ухаалаг утасны үнэ 8-11.3 хувиар өсжээ. Хамгийн ихээр iPhone Air үнэд орсон бөгөөд түүний үнэ 11.3 хувиар нэмэгдсэн байна.
iPhone 17 Pro Max илүү үнэтэй боллоо
Шинэ үнийн дагуу iPhone 17 Pro Max-ийн үнэ 194,800 иенээс 214,800 иен болж өсжээ.
Мөн iPhone 17 өмнө нь 129,800 иенээр зарагдаж байсан бол одоо 142,800 иен болсон байна. Харин үндсэн iPhone 16 загварын үнэ 114,800 иенээс 124,800 иен болж нэмэгджээ.
Apple үнийн өсөлтийг иентэй холбон тайлбарлав
Apple энэ удаагийн үнийн нэмэгдлийг эд ангийн хомсдолтой холбоогүй гэж тайлбарласан байна. Өмнө нь Mac болон iPad-ийн үнэ өсөхөд бүрэлдэхүүн хэсгийн өртөг, нийлүүлэлтийн нөхцөл нөлөөлсөн гэж үзэж байсан.
Харин iPhone-ийн одоогийн өсөлтийн гол шалтгаан нь Японы иен ам.долларын эсрэг суларсантай холбоотой аж. Валютын ханшийн өөрчлөлт Apple-ийг орон нутгийн үнийг дахин тооцоход хүргэсэн гэж мэдээлжээ.
Бусад улс оронд үнэ одоогоор өөрчлөгдөөгүй
Одоогоор үнийн шинэчлэл зөвхөн Япон дахь Apple-ийн албан ёсны дэлгүүрт хүчинтэй байна.
АНУ болон бусад гол зах зээлд iPhone-ийн үнэ өөрчлөгдөөгүй байгаа тул ихэнх худалдан авагчийн хувьд Apple-ийн ухаалаг утаснууд өмнөх үнээрээ зарагдаж байна.
Apple-ийн бусад төхөөрөмж үнэд ороогүй
Сонирхолтой нь, Японд энэ удаа Apple-ийн бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байна. Apple Watch, AirPods, Mac болон iPad өмнөх үнээрээ худалдаалагдаж байгаа аж.
Ингэснээр одоогийн үнийн өөрчлөлт зөвхөн iPhone-ийн шугамд хамаарч байгаа бөгөөд Apple валютын ханшийн дарамтыг эхний ээлжинд ухаалаг утаснууд дээр тусгасан бололтой.