Туршилтын X-59 онгоц дуунаас хурдан нисдэг иргэний агаарын хөлгүүд заавал хүчтэй sonic boom буюу огцом дууны цохилт үүсгэдэггүйг нотлох зорилготой.
NASA болон Lockheed Martin компанийн хамтран бүтээсэн X-59 туршилтын онгоцыг дууны хурдыг давах үед үүсэх чимээг аль болох багасгахаар тусгайлан зохион бүтээжээ. Энэхүү төсөл нь “чимээгүй” дуунаас хурдан иргэний нислэгт шаардлагатай технологийг хөгжүүлэхэд чиглэж байна.
Хэрэв X-59 үр дүнтэй гэдгээ баталж чадвал хуурай газрын дээгүүр дуунаас хурдан иргэний онгоц нисэхэд олон жил үйлчилж буй хоригийг цуцлах боломж бүрдэж магадгүй гэж NASA мэдээлжээ.
9-р сарын сүүлээр X-59 нэг долоо хоногт хийсэн нислэгийн тоогоороо өөрийн рекордыг шинэчилж, мөн хамгийн өндөр хурдаа үзүүлсэн байна. NASA-гийн мэдээлснээр, 9-р сарын 22, 24, 25-нд онгоц өдөрт хоёр удаа туршилтын нислэг хийжээ.
Ингэснээр X-59 анх удаа нэг долоо хоногт зургаан удаа ниссэн байна. Нийтдээ тус онгоц 38 туршилтын нислэг хийгээд байгаа бөгөөд иргэний нисэхийн салбарт томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байна.
Мөн X-59 нислэгийн шинэ хурдны рекорд тогтоож, 1625 км/ц хүрчээ. Энэ нь дууны хурдаас мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм. Харин X-59-ийн аяллын хурд ойролцоогоор 1500 км/ц байдаг.
Дууны хурд агаарын температураас хамаарч өөрчлөгддөг. Учир нь дууны долгион дулаан агаарт илүү хурдан тархдаг. Далайн түвшинд, агаар харьцангуй дулаан үед дууны хурд ойролцоогоор 1225 км/ц байдаг.
X-59 нислэгийн шинэ хурдны рекорд тогтоож, 1625 км/ц хүрчээ.
NASA одоогоор туршилтаа түр завсарлуулсан бөгөөд дараагийн нислэгүүд хэдэн долоо хоногийн дараа үргэлжлэх төлөвтэй байна.
Одоогоор АНУ зэрэг дэлхийн олон оронд хуурай газрын дээгүүр дуунаас хурдан зорчигч тээврийн онгоц нисэхийг 50 гаруй жилийн турш хориглосоор ирсэн. Үүний гол шалтгаан нь онгоц дууны хурдыг давах үед газар дээр хүчтэй сонсогддог sonic boom буюу дууны цохилт үүсдэгтэй холбоотой.
NASA X-59-ийн тусламжтайгаар ийм дууны цохилтыг бүрэн арилгах эсвэл дор хаяж маш бага түвшинд хүргэж болохыг нотлохыг зорьж байна.
X-59 амжилттай үр дүн үзүүлбэл АНУ төдийгүй бусад улс оронд хуурай газрын дээгүүр дуунаас хурдан нисэх хоригийг эргэн харах үндэслэл болж магадгүй. Мөн уг технологи шинэ үеийн дуунаас хурдан иргэний нисэх онгоц бүтээхэд ашиглагдах боломжтой.
X-59-ийн онцгой хийц, тэр дундаа маш урт хамар нь дууны хурдыг давах үед үүсэх чимээг багасгахад зориулагдсан. Гэхдээ NASA зорилгодоо бүрэн хүрсэн эсэхийг батлахын тулд нэмэлт туршилт шаардлагатай хэвээр байна.
1 сэтгэгдэл
Технологивийн хөгжилвийн хурд үнэхээр аймаар байна аа