Apple өөрийн Apple Intelligence хиймэл оюуны платформыг шинэчлэн бүтээх ажлынхаа үр дүнг зургаадугаар сарын 8-нд болох Worldwide Developers Conference арга хэмжээний үеэр танилцуулна. Bloomberg-ийн Mark Gurman-ийн шинэ мэдээллээр, Siri-ийн шинэ хувилбар WWDC 2026 дээр зарлагдах бөгөөд энэ нь дуут туслахыг “аппликейшнүүдтэй гүн интеграцтай, системийн хэмжээнд ажиллах AI агент” болгон өөрчлөх аж.
Шинэчилсэн Siri нь iOS болон macOS-ийн бусад апп, функцуудыг илүү сайн удирдаж, хэрэглэгчийн хүссэн даалгаврыг имэйл, мессеж, тэмдэглэлээс цуглуулсан хувийн өгөгдөлд тулгуурлан гүйцэтгэх чадвартай болно. Мөн Apple News-ийн өдөр тутмын мэдээг илүү сайн хураангуйлж, Perplexity болон Google Gemini зэрэг AI-д суурилсан хайлтын хэрэгслүүдтэй илүү өрсөлдөхүйц байхын тулд “вэбээс авсан илүү дэлгэрэнгүй хариулт, түүний дотор хураангуй, bullet point болон зураг” өгөх боломжтой болно гэж Gurman мэдээлжээ.

Siri цаашид ч дуут команд эсвэл iPhone-ийн асаах товчоор дамжуулан ашиглагдах боломжтой хэвээр байна. Гэхдээ Apple мөн төрөл бүрийн төхөөрөмж дээрээ ашиглах боломжтой Siri-д зориулсан тусдаа апп туршиж байгаа аж. Энэхүү апп нь Siri-д Apple Messages-ийн интерфейстэй төстэй чат хэлбэрээр харилцан ярианы боломж олгоход тусална. Апп нь хэрэглэгчдэд Siri-тэй өмнө хийсэн харилцан яриагаа харах, өмнөх чатууд дундаас хайх, шинэ чат эхлүүлэх, дуу хоолой болон текст горимын хооронд шилжих, мөн шинжлүүлэх зорилгоор баримт бичиг, зураг оруулах тусгай орон зайг санал болгоно.
Apple Siri-д зориулсан хэд хэдэн шинэ дизайны хувилбарыг туршиж байна. Үүнд туслахыг iPhone-ийн дэлгэцийн дээд хэсэгт байрлах Dynamic Island хэсэгт байршуулж, идэвхжих үед хэрэглэгчид “Search or Ask” гэсэн сонголт харуулах хувилбар багтаж байна. Үр дүн бэлэн болсны дараа Siri-ийн интерфейс илүү том тунгалаг самбар болон өргөжиж, цаашид харилцан яриа үргэлжлүүлэх эсвэл нэмэлт асуулт асуух боломжтой болно. Мөн компани Spotlight хайлтын системийн боломжийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг Siri-ээр орлуулснаар илүү олон төрлийн өгөгдөлд хандах боломжтой болгохоор төлөвлөж байна. Харин суурилуулсан аппуудын цэс дотор “Ask Siri” гэсэн toggle нэмэгдэж, хэрэглэгчид тодруулсан текстийн талаар илүү их мэдээлэл хүсэх эсвэл холбоотой имэйлүүдийг гаргаж ирэхэд хялбар болно.